Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Ж.Золжаргал, Г.Очирбат, С.Цэнгүүн нар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Төслийн үндэслэлд одоогийн хуульд “хороо”-г “хэсэг”-т хуваасан зохицуулалт нь Үндсэн хуульд заасан аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны шатлалтай зөрчилдөж байгааг онцолсон байна. Иймээс, хуулийн төслийн хүрээнд, “хорооны хэсэг”-тэй холбоотой зарим заалтыг хүчингүй болгох, зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулах, хэрэгжих хугацааг 2027 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөх зэрэг зохицуулалт тусгажээ. Мөн уг өөрчлөлттэй уялдуулан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон холбогдох УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан байна.