Оросын Батлан хамгаалах яам Беларусьтай хамтран цөмийн зэвсэгт хүчний сургуулилт явуулж байна. Энэ хүрээнд Оросын тусгай зориулалтын сум бүхий Искандер-М тактикийн пуужингийн системийг Беларусьт байрлуулжээ. Энэ сарын 18-наас эхлэн Беларусийн нутаг дэвсгэр дээр цөмийн байлдааны зэвсэг оролцуулсан тактикийн сургуулилт эхэлжээ. Сургуулилтын үеэр цөмийн зэвсгийг цэрэг дайны зорилгоор ашиглах, түүнчлэн цэргийн ангиудыг нэгдсэн удирдлагаар хангах цогц хээрийн сургуулилт явагдаж байна. Сургуулилтад Стратегийн пуужингийн хүчин, Умард болон Номхон далайн флот, алсын тусгалын нисэх хүчний командлал, Ленинград болон Төвийн бүсийн цэргийн тойргийн цэргийн хүчнийхэн оролцож байна. Батлан хамгаалах яам цэргийн сургуулилтыг Холбооны Улсын хүрээнд урьднаас төлөвлөн зохион байгуулж байгаа юм.