Нийгэм

МОНГОЛД ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АНХДАГЧ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

МОНГОЛД ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АНХДАГЧ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-аар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” анхдагч бие даасан хуулийг баталснаар Монгол Улсад энэ чиглэлийн эмчилгээ, үйлчилгээний эрх зүйн орчин цоо шинээр бүрдсэн билээ. Хууль батлагдсанаар, амьгүй донорын зохицуулалт тодорхой болж, хүний эрхийг хамгаалах, мөн анагаах ухааны салбарт дэвшилтэт боломж нээгдэж байгаа юм. Иргэн өөрийгөө амьддаа донор болохоо цахимаар бүртгүүлэх боломжтой болсон бол харин нас барсан тохиолдолд тухайн хүний хүсэлгүй бол гэр бүлийн гурван гишүүний зөвшөөрлөөр донорын асуудлыг шийдвэрлэнэ. Мөн донорын оршуулгын зардал болон тэтгэмжийг нэгтгэн олгох шинэ зохицуулалт хэрэгжих бөгөөд ойролцоогоор 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм. Монгол Улсад амьд донор давамгайлж, амьгүй донорын хувь маш бага байгаа бол шинэ хууль хэрэгжсэнээр энэ үзүүлэлтийг 3–5 жилийн хугацаанд хэд дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Одоогоор, 1000 гаруй хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хүлээж байна.
Түүнчлэн хуулийн хүрээнд тээгч эхийн зохицуулалт, үр шилжүүлэн суулгалт, бэлгийн эс хадгалах био банк байгуулах зэрэг дэвшилтэт технологийн эрх зүйн орчинг мөн тусгасан байна. Шинэ зохицуулалтаар, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбарын тогтолцоог бэхжүүлж, гадаад улсад эмчлүүлэх урсгалыг бууруулах, дотоодын эмчилгээний чадамжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.