Монгол Улсын Ерөнхийлөгч санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн тогтвортой өсөлт, төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд хүчин зүтгэж буй үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ. Уулзалтад Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк болон санхүүгийн салбарын бусад байгууллагын төлөөлөл оролцсон байна. Ерөнхийлөгч хэлэхдээ, Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7.000 ам.долларт хүрсэн, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар давсан, мөн улсын зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрэхэд санхүүгийн салбарынхны хувь нэмэр чухал байсныг онцоллоо.