Урлаг спорт

КРИСТАЛ ПАЛАС ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЕВРОПЫН ЦОМ ӨРГӨЛӨӨ

КРИСТАЛ ПАЛАС ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЕВРОПЫН ЦОМ ӨРГӨЛӨӨ
Английн Лондон хотын Кристал Палас клуб 120 жилийн түүхэндээ анх удаагаа Европын цом өргөлөө. Германы Лайпцих хотноо болсон Конференс лигийн шигшээ тоглолтод Испанийн Райо Валекано клубтэй учраа таарч Жеан Филипп-Матетагийн цорын ганц гоолоор ялалт байгуулж, түүх бүтээлээ.
Тоглолтыг Паласынхан гайхалтай эхлүүлсэн. Исмаилла Сарр, Камада Даичи нар бөмбөгийг торгуулийн талбайд ойртуулж, гайхалтай цохисон ч гоол болж чадаагүй. Райо үүнээс том сургамж авч хамгаалалтын шугам нягтрах гэж хичээж байлаа. Гэвч Кристал Паласын Адам Уортон хаалганы шонгийн наана Тайрик Митчеллд гоёмсог нэгэн дамжуулалт өгсөн ч гоол оруулж чадаагүй юм. Ингэснээр тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн. Хоёр клубийн аль, аль нь Европын тавцанд шигшээ тоглолтод анх удаа шалгарч байгаа тул хаширласан байж болох юм.
Герман мэргэжилтэн Оливер Гласнер "Кристал Палас"-ын дасгалжуулагч болоод ердөө хоёр улирлын дотор дотоодын хоёр цом, Европын нэг цом өргөлөө...
Тоглолтын хоёрдугаар үе эхлэхэд Кристал Палас хэмнэлээ алдахыг хүсээгүй. Энэ нь ч үр дүнгээ өгч 51 дэх минутад Франц тоглогч Жеан Филипп-Матета өөрийн боломжоо ашиглаж гоол оруулсан юм. Ийнхүү гоол орсноос хойш хоёр багийн аль, аль нь харилцан бие, биедээ довтолж, хэн, хэн нь боломжоо алдсанаар шигшээ тоглолт энэ хэвээр өндөрлөсөн юм.
Ийнхүү Кристал Палас клуб түүхэндээ анх удаагаа Европын цомын шигшээд шалгарч цом өргөлөө. Кристал Паласын дасгалжуулагч Оливер Гласнер 2024 оны хоёрдугаар сард клубтэй гэрээ байгуулснаас хойш Английн хөлбөмбөгийн холбооны цом, Коммюнити Шильд, Европын Конференс лигийн гурван цом өргөж түүх бүтээлээ. Оливер Гласнер энэ улирлыг дуусгаад клубээ орхихоор болсон. Ийнхүү Лондонд мартагдхааргүй хоёр улирлыг үдлээ.