Урлаг спорт

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД КИРГИЗСТАН УЛСЫГ ЗОРИЛОО

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД КИРГИЗСТАН УЛСЫГ ЗОРИЛОО

Киргизстан улсын нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад энэ сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" -д оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа боллоо. Тамирчдыг үдэн гаргах ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, тус яамны газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны дарга Э.Билэгт нарын албаны төлөөлөл оролцож, баг тамирчдад нээлтийн ёслолын болон спортын иж бүрэн хувцас хэрэглэл гардуулан амжилт хүслээ. Энэ удаагийн наадамд манай улсаас 27 төрөлд 135 тамирчин, дасгалжуулагч оролцоно. ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Монголын багийн ахлагч сайдын ахлах зөвлөх бөгөөд Сайдын ажлын албаны дарга С.Сайнбаярт төрийн далбааг гардуулсан бол наадмын нээлтийн үйл ажиллагааны туг баригчаар Улсын заан Д.Анар томилогджээ. Энэ удаагийн наадмын хөтөлбөрт Монголын Үндэсний бөх албан ёсоор орсон бөгөөд МҮБХ-ноос Улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр нарын албаны төлөөлөл барилдааны зохион байгуулалтыг хариуцан ажиллана. "Дэлхийн нүүдэлчдийн их наадам" нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг. 2022 онд Туркийн Изникэд, 2024 онд Казахстаны Алматад тус тус болж байжээ. Энэ удаагийн наадамд манай улс өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн очихоор болсон байна. 

Наадмын нээлтийн үйл ажиллагаа Киргиз улсын шинээр ашиглалтад орж буй 55 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн нээлттэй давхцаж байгаа бөгөөд спортын 43 төрөлд 4000 орчим тамирчин өрсөлдөнө.

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" -д оролцох Монголын баг тамирчдадаа амжилт хүсье.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО