Гадаад мэдээ

КАЗАХСТАНЫ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ОХУ-Д БЕНЗИН НИЙЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

КАЗАХСТАНЫ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ОХУ-Д БЕНЗИН НИЙЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

Казахстаны томоохон нефть боловсруулах үйлдвэрүүд ОХУ-д бензин экспортлох зөвшөөрөл, квот авсан боловч барууны хориг арга хэмжээнд өртөх эрсдэл болон Оросын банкуудаар төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй байгаа зэргээс шалтгаалан экспорт хийхээс татгалзжээ.

Энэ талаар Ройтерс агентлаг салбарын дөрвөн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн мэдээлсэн байна. Казахстаны Эрчим хүчний яам долдугаар сард Павлодарын нефть боловсруулах үйлдвэрт ОХУ-ын зах зээлд 17.5 мянган тонн АИ-92 бензин нийлүүлэх зөвшөөрөл олгосон бол наймдугаар сард Атыраугийн нефть боловсруулах үйлдвэрт мөн адил хэмжээний квот олгожээ. Гэвч дээрх үйлдвэрүүдийн эзэмшигчид бензинээ ОХУ руу экспортлохгүй байхаар шийдсэн байна. Үүний гол шалтгааны нэг нь ОХУ-тай хийсэн шатахууны худалдаанаас үүдэн олон улсын, тэр дундаа барууны хориг арга хэмжээнд өртөх эрсдэл гэж салбарын эх сурвалжууд тайлбарлажээ. Мөн Оросын банкуудаар дамжуулан төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй байгаа нь экспортод саад болж байна. Нэг эх сурвалжийн хэлснээр, “Хэн ч хоригт орохыг хүсэхгүй” байна.

Үүнээс гадна Казахстаны дотоодын шатахууны зах зээлийн нөхцөл байдал экспорт хийхгүй байх бас нэг шалтгаан болжээ. Улирлын чанартай эрэлт нэмэгдсэнээс гадна ОХУ-ын дараа Казахстантай хил залгаа орнуудад шатахууны хомсдол үүссэн тул Казахстан өөрийн дотоодын зах зээлд хангалттай хэмжээний шатахууны нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа аж. Одоогоор ОХУ руу бензин экспортлохыг зөвшөөрсөн цорын ганц Казахстаны үйлдвэрлэгч нь жилд 850 мянган тонн нефть боловсруулах хүчин чадалтай “Конденсат” хэмээх харьцангуй жижиг үйлдвэр байна. Тус үйлдвэр долдугаар сард ОХУ-д 9 мянган тонн бензин нийлүүлжээ. Харин Атыраугийн нефть боловсруулах үйлдвэрээс нийлүүлэх бензиний үнэ Оросын импортлогчдод хэт өндөр байгаа аж. Тухайлбал, АИ-92 бензиний тонн тутмын үнэ 1,100–1,200 ам.доллар байгаа нь Санкт-Петербургийн Олон улсын бараа, түүхий эдийн бирж дээрх тухайн үеийн үнээс ойролцоогоор 43 хувиар өндөр байна.