Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадуро АНУ-ын хорих төвд байгаа хоёр зургаа цахим сүлжээнд нийтэлжээ. Тэрбээр нэгдүгээр сараас хойш тус төвд хоригдож байгаа юм.
АНУ-ын тусгай хүчин Мадуро болон түүний эхнэр Силия Флоресийг Венесуэлийн нийслэл Каракасаас барьцаалж, Америкт авчирсан. Тэднийг Нью-Йорк мужийн Бруклин дэх нэгэн шоронд хар тамхины наймаа, галт зэвсэг эзэмшсэн хэргээр саатуулж буй. Гэхдээ Мадуро болон Флорес нар уг гэмт хэргийг үгүйсгэсээр байгаа юм.
Мадуро Ням гаригт (2026.08.30) өөрийн "Х" болон "Telegram" хаяг дээрээ зургаа нийтэлж, "Би энэ зургуудаа өөрийн ач зээ нартаа болон охид, хөвгүүд, бидэнд хайртай бүх сайн хүмүүст зориулан бяцхан бэлэг болгон явуулж байна" гэж бичжээ. Мөн "Бид та бүгдийн дэмжлэг, хайрын ачаар бат зогсож байгааг мэдээсэй гэж хүсч байна. Бид хүчтэй, тайван бөгөөд итгэл дүүрэн байсаар байх болно. Бурхан бидэнтэй хамт байна. Венесуэл дахин сэргэх болно" гэж нийтэлжээ.
Нийтлэгдсэн эхний зурагт Мадурогийн АНУ-ын хорих төвд авхуулсан зураг гэж үзэж байна. Үүнд тэрбээр саарал өнгийн тамирын хослолтой, долоовор, дунд хуруугаараа энх тайвны тэмдэг гаргасан байв. Мөн уг зургаас үзэхэд Мадуро мэдэгдэхүйц хэмжээнд жин хаясан.
Хэдийгээр Ням гаригт уг зургуудыг нийтэлсэн ч зураг дарсан огноо нь зургадугаар сарын 25-нд байв. Энэ нь тус улсад тохиосон хоёр удаагийн аймшигт газар хөдлөлтийн дараахан юм. Уг газар хөдлөлтийн үеэр 6500 гаруй хүн амиа алдаж, Венесуэлийн хойд бүс нутагт томоохон гамшиг нүүрлэсэн билээ.
Одоогийн байдлаар Мадурогийн зургууд бодит гэдгийг хэвлэлүүд тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн Мадурогийн мэдэгдэл түүний залгамжлагч Делси Родригес Венесуэль болон АНУ-ын хамтарсан газрын тосны түүхэн хэлэлцээг зарласнаас хоёр өдрийн дараа нийтлэгдсэн юм. Мадуро хоригдох хугацаандаа цахим сүлжээ ашиглаж, сонин унших боломжгүй. Гэхдээ гэр бүл, өмгөөлөгчтэйгөө нэг удаад 15 минутаас илүүгүй, сард 300 минут хүртэлх хугацаанд утсаар ярих боломжтой юм. Тэрбээр эхнэрийн хамт 2027 оны зургадугаар сарын 1-нд шүүгдэх тов гарсан.