Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон орон даяар хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үндэстний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс болон Баянзүрх дүүргийн салбар комиссоос өнөөдөр /2026.09.09/ зохион байгууллаа.
Энэхүү гэрэлт хөшөөний эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 онд ОХУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын Ерөнхийлөгчийн улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын асуудлаар гаргасан мэдэгдлийн хүрээнд 2001 онд ОХУ-ын Москва хотын ойролцоох Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектод Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд, уран барималч Б.Хийморь нарын эх загвараар босгосон байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д байрлах гэрэлт хөшөөнд 2021 онд хүндэтгэл үзүүлэхдээ, эх нутагт нь дурсгалын хөшөөг босгож, элгэн саданд нь ойртуулах ёстой гэсэн санаачилга гаргасан байдаг.
Энэ хүрээнд Цагаатгалын Улсын комисс 2022 онд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комисс, НИТХ-ын Ажлын албатай хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувилбарыг нь босгож, тав дахь жилдээ хүндэтгэл үзүүлж байгаа юм.