Гадаад мэдээ

ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ СОНГУУЛИЙН ӨНДӨР ИРЦ ХАРУУЛЛАА

ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ СОНГУУЛИЙН ӨНДӨР ИРЦ ХАРУУЛЛАА
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан парламентын сонгуулийн ирц өндөр байсан нь Оросын ард түмэн Украинд явуулж буй ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлаа хамгаалах засгийн газрынх нь хүчин чармайлтыг дэмжиж байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ. Есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд санал хураалт нь болсон энэ удаагийн сонгуулийг Путин тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг тавьсан зорилгодоо хүртэл үргэлжлүүлэхэд олон нийтийн дэмжлэг ямар байгааг харуулах үйл явдал гэж үзэж байв. Даваа гарагт гарсан урьдчилсан дүнгээс дайныг эсэргүүцэгч нэр дэвшигчдийг оролцуулаагүй, хатуу хяналтын дор болж өнгөрсөн энэ сонгуульд Путинийг дэмжигч “Нэгдсэн Орос” нам парламентын доод танхимд үнэмлэхүй олонхын байр сууриа хадгалж үлдсэн нь тодорхой болсон.Оросын сонгуулийн төв хорооноос сонгуулийн ирцийг 59.3 хувь гэж мэдээлсэн бөгөөд ТАСС агентлаг үүнийг Төрийн Думын сүүлийн үеийн ихэнх сонгуулиудын ирцээс өндөр гэж дүгнэсэн байна. Лхагва гарагт сонгуулийн үр дүнгийн талаар анх удаа байр суурь илэрхийлэхдээ Путин “Санал хураалтад оролцсон хүмүүсийн тоо ийм өндөр, бүр дээд амжилт тогтоохуйц хэмжээнд байсан нь Оросын ард түмэн улс орныхоо аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бидний үйл ажиллагааг дэмжиж байгаагийн илрэл юм” гэж мэдэгджээ. Тэр бас фронт дээр байлдаж буй цэргүүддээ хандаж хэлэхдээ “Энэхүү санал хураалт бол та бүхний дэмжлэгийн илрэл юм. Ард түмэн та нарт итгэж, бидний ялалтад итгэж, та бүхний зориг зүрх, баатарлаг үйлсэд итгэж байна” гэсэн юм. Урьдчилсан дүнгээр “Нэгдсэн Орос” нам нийт саналын 57 гаруй хувийг авснаар Думын 450 суудлын 355-ыг буюу бараг 80 хувийг эзлэхээр байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болох төлөвтэй байна.