Урлаг спорт

УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ

УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Кенийн тамирчин Серой Андерсон Сайтотигоос допингийн төрлийн бодис илэрчээ. Тухайн тамирчнаас энэ оны тавдугаар сарын 23-ны өдөр түрүүлсэн даруйд нь шинжилгээ авсан бөгөөд хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин илэрсэн байна. Дэлхийн допингийн эсрэг агентлаг триметазидин бодисыг хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамааруулдаг бөгөөд тэмцээний болон тэмцээний дараах үед хэрэглэхийг хориглосон бодис аж. Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти нь “Улаанбаатар марафон”-д өмнө нь гурван удаа түрүүлж байсан амжилттай. Энэ жилийн тухайд тэрээр 42 км замыг 02:17.38 цаг гүйсэн амжилтаар түрүүлсэн юм. Өдгөө 33 настай тэрээр Улаанбаатар марафоноос гадна Венец, Кучинг, Чунчин, Хонконгийн марафонд түрүүлж байжээ. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасныг илэрхийлэхгүй бөгөөд тухайн тамирчин тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх, үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй гэдгийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын мэдэгдэлд дурджээ.