Тайландын нийслэл Бангкок хотын оршин суугчид Ням гаригийн өглөөг /2026.09.27/ хоргодох байранд угтлаа. Аадар борооны улмаас хот даяар гамшгийн онц байдал зарлаж, 4900 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ. Хотын захиргааны мэдээлснээр, 52 мянга орчим айл өрх үерт өртсөн аж. Өнгөрсөн Пүрэв гаригаас Ням гаригийн хооронд хотын зарим хэсэгт хур тунадасны хэмжээ 330 мм давсан гэдгийг цаг уурын албаныхан мэдээлж байна. Тайланд улс бороо усархаг цаг агаартай, тэр дундаа есдүгээр сар оргил үе нь байдаг. Гэвч энэ жилийн есдүгээр сар урьд урьдныхаас илүү хур тунадастай байгааг оршин суугчид хэлж байна. Дэлхийн дулаарлыг дагалдаад цаг агаарын эрс тэс үзэгдэл улам л ихэснэ гэдгийг эрдэмтэд анхааруулж буй. Нийслэлийн захын дүүргийн оршин суугч Косин Нилсет "Манай байшин 30 цагийн турш усанд автаж, живлээ. Энэ удаагийн үер 2011 оныхоос ч айхавтар байна. Ундны ус, цахилгаан тасалдаагүй байгаа нь яамай даа" гэжээ. 2011 оны үерээр 500 гаруй хүн нас барж, сая сая айлын орон байр үгүй болж байв. Мөн оршин суугч Тидарат Силсуван "Би хоёр шөнө ширээн дээрээ унтлаа. Эд зүйлсээ цэвэрлэж, цэгцлэх гээд ажил их байгаа учир хоргодох байр руу яваагүй. Бүх зүйлээ аль болох дээш нь тавьж байгаа ч хөргөгч, угаалгын машин зэрэг цахилгаан бараануудаа чадсангүй. Одоо бараг эвдэрсэн байх" гэжээ. Үерийн ус бүрэн татраагүй хэвээр тул онц шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг иргэдэд сануулж байна. Иргэд болзошгүй гамшгаас сэргийлэн худалдан авалт хийж эхэлсэн тул зарим дэлгүүрийн лангуу хоосорчээ. Тиймээс ерөнхий сайдын ажлын алба яаран сандран худалдан авалт хийхгүй байхыг иргэдэд анхааруулаад, үнийг зохиомлоор өсгөх нь гэмт хэрэг гэдгийг сануулав. Мөн өнөөдрийн байдлаар /2026.09.28/ хэдэн зуун сургууль хаалттай байна. Дашрамд дурдахад, Тайландын засгийн газар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор есдүгээр сарын 28, 29-ний Даваа, Мягмар гаригуудыг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ.