Улс төр

Гадаад дахь иргэдээ татан авахаар энэ сард нэмэлт гурван нислэг үйлдэнэ

Гадаад дахь иргэдээ татан авахаар энэ сард нэмэлт гурван нислэг үйлдэнэ

УОК-иос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар цаг үеийн шуурхай мэдээлэл өглөө. Долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1,  БНСУ-руу шууд 1, транзит нислэг 1-ийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар боллоо. Ингэснээр долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэх юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд  бусад 4300 гаруй иргэн байна. УОК-иос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сард нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэв. Гэхдээ татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ. Тусгаарлах байрыг нэмэгдүүлэхээр нийслэл болон ойр орчмын  нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл бэрхшээл тулгараад байна. Мөн ОУ-ын зэрэглэл бүхий өндөр үнэтэй зочид буудлуудад иргэдийн сонголтоор байрлуулж болох эсэх талаар судлахад тухайн байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг хэсэгчлэн мөрдүүлэх ямар ч нөхцөл боломжгүй нь тогтоогджээ.  Тиймээс тодорхойлогдсон нөхцөл боломждоо тулгуурлаж татан авалтаа хийнэ гэв.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсын иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.  Захиалгат нислэгт эхний ээлжинд багтах иргэдэд тавигдах шаардлагуудыг өргөжүүлж, богино хугацааны сургалтын визээр гадаадад зорчсон иргэн, оюутан, амжиргааны зардалгүй хүнд нөхцөөлд орсон иргэдийг хамруулж байна.

УОК, УОК-ын Шуурхай штабаас гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа ч дотооддоо халдвар тархаах эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийт иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, иргэдийн гомдол, цахим орчинд тархааж буй мэдээллийг нягталсны үндсэн дээр, эрдэмтэн судлаачид, ОУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, тусгаарлах 21 хоногийг бууруулахгүйгээр шийдвэрлэжээ.

Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна.  Иймд татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах, иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах  аж.  Иргэд УОК-ын ШШ-ын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боложмтой.

Тусгаарлалтад байгаа иргэдээс цахим хуудсаар дамжуулж, албан бусаар гаргаж буй зарим гомдолд Эрүүл мэндийн сайд, УОК-ын гишүүн дараах тайлбар өглөө.

Тусгаарлалтад байгаа иргэдэд удаан хугацаагаар шинжилгээ хийхгүй байна гэдэг нь мэргэжлийн байгууллагын тандалт судалгаанд үндэслэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, КОВИД19 вирусын илрэх шинж, шатлалт хугацаанд тулгуурлан  хийгдэж буй ажил гэдгийг онцлов.  

Хэдийгээр ард иргэдээс төрөл бүрийн гомдол мэдээлэл ирж, гадаад дахь иргэд жагсаал цуглаан хийж, улстөрийн агуулгатай акц зохион байгуулж байгаа ч татан авалтыг эрдэмтэн судлаачид, халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, ХӨСҮТ-ийн мэдээлэл, МИАТ компанийн хүчин чадал, тусгаарлах байрны багтаамж зэрэг бүх талын асуудлыг судлан тэнцвэржүүлж хийнэ гэдгээ Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ.

Дэлхийн 35 Улс онц байдал зарлаж, 92 нь хилээ бүрэн хааж, 22 нь хилийн хорио тогтоож, төгс эмчилгээний аргачлал өнөөг хүртэл гараагүй, өдөр тутам хувьсан өөрчлөгдпөж байгаа КоВид19 цар тахлын тархалтын нөхцөлд дотооддоо халдвар алдаагүй байдлаа хадгалах нь маш чухал. Хөрш орнуудад маш өндөр эрсдэлтэй байгаа энэ үед болгоомжтой ажиллах ёстой гэв.

Мөн ОУ-ын санхүүжилт, дэмжлэгээр Чех Улсаас тус улсын онгоцоор эх орондоо ирэх хүсэлт гаргасныг бүх талаар дэмжиж, дипломат төвшинд шийдвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж. Харин АНУ болон Польш Улсаас онгоц түрээсэлж ирэх асуудлыг иргэд тавьж буй ч Монгол Улсын тусгаарлалтын дэглэм зөрчигдөх, хүлээж авах хүчин чадал, иргэдэд ногдох төлбөр хэт өндөр байгаа зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл үүсч буйг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.