Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дэлхийн нийтэд тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн гудамж талбайд ил задгай бие засахгүй, нус шүлсээ хаяхгүй байх, тоглоомын талбайд хүүхэд багачуудыг олноор цуглуулахгүй байх зэрэг асуудлуудад хяналт тавьж ажиллахыг эргүүлээр ажиллаж буй нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад үүрэг болголоо.
Мөн НОБГ, НЭМГ, НМХГ болон Цагдаагийн удирдах газрын удирдлагуудад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж шинэчилсэн төлөвлөгөөг батлуулж ажиллах хэрэгтэйг санууллаа. Нийслэлийн хэмжээнд хороо дүүргийн хэсгийн ахлагч нарыг олон нийтийн байцаагчийн хууль ёсны эрх үүрэгтэйгээр ажиллуулах болсон, тэд Зөрчлийн хуулийн дагуу иргэдийн зүй зохисгүй үйлдэлд хяналт тавих, торгууль шийтгэл оногдуулах эрхтэй болж байгаа нь иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хэрэгжүүлж байгаа үйл хэрэг болохыг олон нийтэд таниулах, бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.Иргэдийг амны хаалт хэрэглэж хэвшүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн удирдлагуудад өгөв. Дөрөв болон тавдугаар саруудад халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байгаа талаар ДЭМБ-аас сануулж олон улсад урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж байгаа учраас Монгол Улсын хувьд хяналтаа сулруулж болохгүй гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан дахин сануулсан юм.
Сургуулийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ны өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан ЕБС-ын болон их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газарт мөн үүрэг болголоо.
Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр гарахаас сэргийлж, байгал хамгаалагч нарын ажлыг эрчимжүүлж эргүүл хяналтын ажлыг тогтмол зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.