Энтертайнмент

BLUETOOTH ХОЛБОЛТ ООР ТАНЫ МЭДЭЭЛЭЛИЙГ ХАКЕРДАХ БОЛОМЖТОЙ

BLUETOOTH ХОЛБОЛТ ООР ТАНЫ МЭДЭЭЛЭЛИЙГ ХАКЕРДАХ БОЛОМЖТОЙ
Хэрэглэгчид Bluetooth холболтыг тэр бүр анзаардаггүй. Аюулгүй мэт үзэж байнгын асаалттай байлгах нь элбэг. Тэгвэл гар утас болон бусад цахилгаан төхөөрөмжийн Bluetooth холболтыг асаалттай байлгах нь хакеруудад халдлага хийх таатай нөхцөлийг бүрдүүлдэг болохыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж ирсэн.  Bluetooth холболтыг ашиглан бусдын мэдээлэлд нэвтрэх, утасны яриаг нь чагнахад илүү хялбар, эмзэг болгодог байна.Өөрөөр хэлбэл, хакерууд уг холболтын тусламжтайгаар дурын цахилгаан төхөөрөмжид халдаж, бүхий л мэдээлэлд нь нэвтрэхээс гадна төхөөрөмжийг удирдах боломжтой. Үүний нэг жишээ нь гар утас болон бусад төхөөрөмжийн өсгөгчийг удирдаж, гэнэт “аюултай” чимээ тоглуулдаг ба үүний үр дүнд тухайн төхөөрөмжийн эзэн хэсэг хугацаанд сонсох чадвараа алддаг байна. Үүнээс гадна уг холболтоор дамжуулан хакерууд бусдын дуудлага, мессежийг хянаж, илгээж буй мэдээллийг нь олзворлон, хэн нэгэн рүү өөрчилж илгээх замаар санхүүгийн залилан үйлддэг болохыг олонтаа дурджээ. Түүнчлэн Bluetooth холболтын тусламжтайгаар хакерууд хэрэглэгчдийн байршлыг хянаж, улмаар орох дуртай дэлгүүрүүдийн маршрутыг гаргаж авдаг ба уг мэдээллээ худалдаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд зарах тохиолдол ч гарсаар байгаа юм.

Техник технологийн дэвшлийг ашиглах хакерууд халдлага хийх арга замаа улам нарийн төвөгтэй болгосоор байгаа бөгөөд дохио өсгөгчийн тусламжтайгаар Bluetooth-д холбогдох радиусыг нэмэгдүүлэх болсон байна. Энэ төрлийн халдлага нь тухайн хүнд мэдэгдэхгүйгээр хэдхэн секундэд болж өнгөрөх ч төхөөрөмжид тусгай програм суулгаснаар үнэ цэнтэй мэдээлэл  хулгайлах эсвэл устгах эрсдэлтэй юм.

Германы кибер аюулгүй байдлын чиглэлээр  үйлчилгээ эрхлэгч ERNW компани Android үйлдлийн системийн CVE-2020-0022 алдааны тусламжтайгаар хакерууд уг үйлдлийн системтэй дурын ухаалаг утасны Bluetooth-д холбогдох эрсдэлтэй 

болохыг олж тогтоосон байдаг. Дээрх алдааг Android 10 үйлдлийн систем засаж чадсан бөгөөд хэрэв  8, 9 үйлдлийн системийг ашиглаж байгаа бол яаралтай шинэчлэл хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн Bluetooth холболтыг ашиглаж дуусмагцаа унтрааж хэвшсэнээр луйварчдын хөнгөн олз болохоос сэргийлж чадах аж.