Сангийн яамнаас өгч буй мэдээллээр иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийг иргэдийн 94.9 хувьд (3.200.535) арилжааны банкнуудаар дамжуулан шилжүүлээд байгаа юм. Харин мөнгөө аваагүй цөөн тооны хүн үлджээ. Мөнгөн дэмжлэгээс хоцорсон иргэдийн хувьд дийлэнх нь бичиг баримтгүй, улсад бүртгэлгүй, е-баримтын системд бүртгүүлээгүй болохыг албаны хүмүүс мэдээлж байгаа юм. Гэхдээ И-баримтад бүртгэлтэй ч данс нь хаагдсан, тус системд өмнө нь бүртгүүлсэн ч и-мэйл хаяг, утасны дугаараа ашигладаггүй зэрэг олон шалтгаанаар иргэд 300 мянган төгрөгөө авч чадахгүй байгааг цахим орчинд шүүмжлэх болсон билээ.
Одоогоор Сангийн яамнаас мэдээлснээр, зарим иргэдийн нэр дээр банкны 2-3 данс бүртгэлтэй байгаа аж. Зарим хүний нэр дээр 10 банкны данс бүртгэлтэй байдаг тул аль данс руу нь мөнгө шилжүүлэх вэ гэдгийг нягтлах шаардлага гардаг байна. Мөн И-баримтын системд бүртгэлтэй ч өөрийн нэр дээрх бус, хүний нэр дээрх дансыг холбосноор тухайн хүний данс руу нь мөнгө шилжин, авч чадахгүй байдалд хүрч буй зэргээр иргэдийн өөрсдийнх нь буруутай үйлдлээс болж гүйлгээнд саатал гарах болжээ.
Хаагдсан данс руу нь 300 мянган төгрөг нь шилжсэн тохиолдолд арилжааны банкнаас мөнгийг Сангийн яаманд мэдээлэх, буцааж татах, дахин нягтлах, шинээр бүртгэх зэргээр гүйлгээ удааширч байгаа аж. Тиймээс иргэд данс нь хаагдсан бол тухайн банканд хандаж сэргээлгэх, аль эсвэл цахимаар данс нээлгэх, и-баримтын системд бүртгүүлэхэд л мөнгөн дэмжлэгээс хоцрохгүй болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Өнгөрсөн Баасан гариг хүртэл и-баримтын системд шинээр бүртгүүлсэн болон бүртгэлээ сэргээсэн, ашиглаж буй дансаа холбуулсан иргэдийн 300 мянган төгрөгийг өчигдрөөс олгож эхэлжээ. Учир нь амралтын өдрүүдэд арилжааны банкууд ажиллаагүй тул гүйлгээ хийгдээгүй гэх тайлбарыг Сангийн яамнаас өглөө. Харин Татварын ерөнхий газраас өгч буй мэдээллээр и-баримтын бүртгэлийн системтэй холбоотой асуудлыг хариуцахгүй гэсэн ч ачаалал эрс нэмэгдсэн болохыг тус газрынхан хэлж байв.
Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр, мөнгөн дэмжлэгээс хоцорсон цөөн хүмүүс өөрийн нэр дээрх ашиглаж буй данс, бүртгэлээ үнэн зөвөөр и-баримтын системд бүртгүүлсэн эсэхээс шалтгаалж гүйлгээ хийгдэх аж.