Гадаад мэдээ

Өмнөд Солонгос Оросын Спутник V вакциныг дархлаажуулалтдаа ашиглах уу ?

Өмнөд Солонгос Оросын Спутник V вакциныг дархлаажуулалтдаа ашиглах уу ?

Өмнөд Солонгосын засгийн газар хүн амынхаа дархлаажуулалтад Pfizer болон Moderna компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг ашиглаж байгаа ч нийлүүлэлт нь тасалдаад байгаа.

Тэгвэл саяхан тус улсын ерөнхийлөгч ОХУ-д бүтээсэн Спутник V вакциныг ашиглах боломжийг судлах даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн тухай мэдээ таржээ.Тус улсын Хүнс, Эмийн аюулгүй байдлын яам Спутник V вакцины талаар мэдээлэл цуглуулах хүсэлтийг гадаад хэргийн яамандаа өгсөн тухай холбогдох эх сурвалжууд бас мэдээлсэн байна.

Mэдээллүүд тарсны дараа Спутник V вакциныг экспортлох зорилгоор үйлдвэрлэж байгаа Өмнөд Солонгосын компаниудын хувьцааны үнэ ханш огцом өсжээ. Тухайлбал гэрээт үйлдвэрүүдэд хөрөнгө оруулсан EID болон Etron компаниудын хувьцааны үнэ өчигдөр тус тус 590 ба 1,070 вонд хүрсэн нь тэдний хувьд түүхэн дээд хэмжээ юм. Тэдний салбар компани Ehwa Technologies-ийн хувьцааны ханш өчигдөр 25.71 хувиар өссөн байна.

EID, Etron компаниуд өнгөрсөн оны сүүлээр Спутник V вакцины үйлдвэрлэлд нийлээд 20 тэрбум воны хөрөнгө оруулсан юм. Вакцины үйлдвэрлэл нь ирэх сард эхлэхээр төлөвлөгджээ.Тэд Спутник V вакцинаа зөвхөн гадаад орнуудад экспортлох зорилготой байсан бол одоо дотоодын зах зээлдээ нийлүүлэх магадлалтай болоод байна. Зөвхөн дээд түвшинд ч биш, орон нутгийн засаг захиргааны түвшинд Pfizer, Moderna вакцинуудаас бусад вакциныг ашиглах санаачлага гарч эхэлжээ. Өмнөд Солонгосын Гёнги мужийн захирагч Ли Жэ Мюн саяхан Спутник V болон бусад үйлдвэрийн вакцинуудыг хүн амын дархлаажуулалтад ашиглах боломжийг судлах хүсэлтийг хөх ордны захиргаанд гаргасан тухай Ёнхап агентлаг мэдээлсэн юм.