ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр А.Амбасэлмаа эмч мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд цар тахал эхэлснээс хойш бүртгэгдсэн халдварын тоо 50 мянгад хүрч байна. Бид цар тахлыг хохирол багатай давахын тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй байна. Цар тахлын вирус хэнд ч халдах эрсдэлтэй тул энэ давлагаанд халдаагүй бол дараагийнхад халдах эрсдэлтэй. Ард иргэд вакцин хийлгэчихлээ гээд тайвшраад байна, нэгдүгээр тун хийлгээд дархлаатай боллоо гэж андуурдаг. Гэтэл хоёр дахь тунг хийлгээд 14-21 хоногийн дараа дархлаа тогтдог. Эхний тунгаа хийлгээд дараагийнхаа тунг хүлээх хоорондоо гам сайн барьж, биеэ тордох хэрэгтэй" хэмээн анхаарууллаа.
Халдварын тархалт буураагүй байгаа учир тайвширч болохгүй юм. Иргэд амны хаалтаа маш сайн зүүж байгаа нь сайшаалтай зүйл бөгөөд вакциндаа хамрагдсанаар урин дулаан цаг ирэхэд амны хаалтаа авах үе ирэхийн төлөө хүн бүр хичээе хэмээн А.Амбасэлмаа эмч уриалав.
Иргэд вакциныг сайн, муу гэж ялгаж байгаа талаар А.Амбасэлмаа эмч "Ард түмэн маань цуу ярианд итгэж болохгүй. Тухайн вакциныг үйлдвэрлэгчийн зааврыг дага. Эмчтэй зөвлөлдөж байж хийлгэ. Нэг зорилготой, нэгдмэл итгэлтэй байж бид цар тахлыг давна. ДЭМБ болон тухайн улс оронд нь зөвшөөрсөн вакциныг бид авч, ард иргэддээ хийж байгаа. Вакцин туршиж байна гэсэн яриа байж огт болохгүй. Эмнэлзүйн шатны олон туршилтыг давсан вакциныг улс орнууд авч хийдэг" гэлээ.