"Асахи шимбүн" сонины газраас энэ сарын 15-16-нд иргэдийн дунд санал асуулга зохион байгуулахад оролцогчдын 83 хувь нь Токиогийн олимпын наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах хэрэгтэй гэж хариулсан байна. Өнгөрсөн 4-р сард хийсэн судалгаанд 69 хувь нь ингэж хариулж байснаас харахад эсэргүүцэж байгаа хүний тоо нэмэгджээ.
Гэвч ОУОХ, Японы Засгийн газар, Токио хотын захиргаанаас олимпын наадмыг төлөвлөгөө ёсоор хийх бодолтой байгаа гэнэ. "Асахи шимбүн"-д бичсэнээр Засгийн газрын хуралдаан дээр гишүүд “Ямар ч байсан олимпын наадмаа зохион байгуулна. Хийсэн ч, цуцалсан ч адилхан олон асуудал гарна” гэж ярилцсан байна.
ОУОХ-ны тэргүүн Томас Бах Токиогийн олимпын нээлтээс 10 хоногийн өмнө буюу 7-р сарын 12-нд Японд ирнэ. Айлчлалын товоо ийнхүү эрт зарласан нь Токиогийн олимпын наадмыг төлөвлөгөө ёсоор хийх, цуцлах ямар ч бодол байхгүй байгаагаа харуулах зорилготой гэж шинжээчид үзэж байна.