Нийгэм

Туул голын эрэг дагуу барилга барих 19 ААН-ийн эрхийг цуцлахаар боллоо

Туул голын эрэг дагуу барилга барих 19 ААН-ийн эрхийг цуцлахаар боллоо

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаа асуудлаар Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа.

Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг аж. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Түүнчлэн зарим барилгын компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байгаа гэв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Туул голын эрэг дагуу барилга барьж болохгүй. Сүүлийн нэг жилийн дотор олон удаагийн давтамжтай газар хөдөлж байна. Туул голын дагуу өндөр барилга барих эрсдэлтэй. Цаашид Туул голын унаган төрхийг алдагдуулахгүй байх, бургасыг хамгаалах чиглэлээр ажиллана” гэлээ.

Тэрээр хууль, дүрмийн хүрээнд ажиллахгүй байгаа дээрх 19 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг нь цуцлах арга хэмжээ авна гэв.

Өмнө нь хоёр ч удаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн тус газруудын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох үүргийг холбогдох албаныханд өглөө.