Нийгэм

ЭМД ТӨЛДӨГ БОЛ СУВИЛАЛД АМРАХ, ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛАА ДААЛГАНА

ЭМД ТӨЛДӨГ БОЛ СУВИЛАЛД АМРАХ, ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛАА ДААЛГАНА
Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын шимтгэлийн хувь хэмжээ жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2019 онд иргэн сар бүр 3200 төгрөг, жилээр тооцвол 38400 төгрөгийн шимтгэл төлдөг байсан бол, 2020 онд сар бүр 4200 төгрөг, жилээр тооцвол 50400 төгрөгийн шимтгэл төлдөг болжээ. 2021, 2022 онуудад шимтгэлийн хувь хэмжээ тогтвортой байсан бол 2023 онд дахин нэмэгдэж сар бүр 5500 төгрөг, жилээр тооцвол 66000 төгрөгийн шимтгэл төлдөг болжээ. Харин 2024 онд сар бүр 6600 төгрөг, жилээр тооцвол 79200 төгрөгийн шимтгэл төлдөг болсноор сүүлийн зургаан жилд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 51 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын мэдээлснээр даатгуулагч, иргэн 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой.
Харин даатгуулагч, иргэдийн хувьд ЭМД-ын шимтгэлээ төлдөг ч эргээд ямар тусламж үйлчилгээ авах боломжтой талаар мэдээлэл дутмаг байдаг.

ДААТГУУЛАГЧ, ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ХӨНГӨЛӨЛТ НЭМЭГДЖЭЭ
ЭМДЕГ-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын 2024 оны жагсаалт гарсан. Энэ жил Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ -өөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан.  2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолоор даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын хөнгөлөлтийн үнэд өөрчлөлт орсон тухай мэдээллийг ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболдоос тодрууллаа. Тэрбээр,“ЭМДҮЗ-ийн шинээр батлагдсан тогтоол хэрэгжилтийнхээ түвшинд явж байна. Уг тогтоолд сувиллаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний оношийн хамааралтай гурван бүлгийг шинэчлэн баталсан. Тодруулбал, сувиллын тусламж үйлчилгээний хөнгөлөлт 260 мянга, сувиллаас үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж үйлчилгээ 416 мянга, сувиллаас үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ 414 мянган төгрөгийн хөнгөлөлттэй байхаар өөрчлөлт оруулсан. Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр жилд нэг удаа сувиллаас тусламж үйлчилгээ авах боломжтой”.
Өнгөрсөн жил 4-75 насны нийт 616,596 иргэн сувиллын тусламж үйлчилгээнд хамрагдсан. Хүйсээр авч үзвэл 413,255 эмэгтэй, 203,341 эрэгтэй даатгуулагч байна. Аймаг нийслэлийн тухайд хамгийн их буюу 127,268 даатгуулагч Баянзүрх дүүргээс, хамгийн бага буюу 4490 даатгуулагч Дундговь аймгаас хамрагдсан. Даатгуулагчдын төрлийг авч үзвэл хамгийн их буюу 309,059 тэтгэврийн иргэн байна.
Даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын 2024 оны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

ХАВДРЫН ДАРААХ ХИМИ, БАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХАРИУЦНА
Иргэн та хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээнд эмчийн заавраар хамрагдах бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан төрийн өмчийн болон хувийн аль ч эмнэлэгээс хамтын төлбөргүйгээр тусламж үйлчилгээ авах боломжтой. ЭМД-ын сангаас хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээний хугацаанд хэрэглэсэн,
Хордлого тайлах эмчилгээ
Эм
Эмнэлгийн хэрэгсэл
Эмчийн үзлэг
Сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ
Хоолны болон холбогдох бүх зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан санхүүжүүлнэ.

ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХДЭЭ ЭМ, ТАРИАГ ӨӨРИЙН ЗАРДЛААР АВСАН БОЛ БУЦААЛТ АВАХ БОЛОМЖТОЙ 
Даатгуулагч, иргэн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх үед хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөр авсан, гаднаас эм тариа өөрийн зардлаар авсан зэрэг тохиолдлуудад эрүүл мэндийн даатгалаас буцаан олголт авах боломжтой юм байна.
Тусламж үйлчилгээний багцын жагсаалтад орсон үйлчилгээг төлбөртэйгөөр ( Хамтын төлбөрөөс бусад тохиолдолд) үзүүлсэн
Гэрээнд заасан нэмэлт үйлчилгээний төлбөрөөс хэтрүүлэн нэмэлт төлбөр авсан
Хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөр авсан
Эм тариаг өөрөөс нь буюу ар гэрээр нь авхуулсан
Өөр эмнэлэгт оношилгоо, шинжилгээнд явуулсан (нэр зааж)
Иргэн, даатгуулагчаар нэмэлт төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зуруулсан бол ЭМДЕГ болон Худалдан авалт, гэрээний газарт тус тус хандан буцаан олголт авах боломжтой.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРЧ  ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВБАЛ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1 "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирч, эрүүл мэндийн үйлчилгээ авсан төлбөрийг даатгалын байгууллагаас гаргаж, тухайн иргэнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. Гэсэн ч Эрүүл мэндийн даатгалын газраас тухайн иргэний эрүүл мэндэд хохирол учруулсан буруутай этгээдээс эмчилгээний зардлыг нөхөн гаргуулж, даатгалын газарт авдаг зохицуулалттай.
2024 оны тавдугаар сарын 2-8-ны өдрүүдэд 61 даатгуулагч иргэнд ЭМД-ын сангаас 38,6 сая төгрөг зарцуулсан бөгөөд хуулийн дагуу энэхүү мөнгийг  буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.