
Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах 59 дэх удаагийн “Super Bowl” тэмцээнд “Филадельфиа Иглз” баг “Канзас Сити Чифс”-ийг 40-22 харьцаагаар буулган авч аваргын цомыг өргөлөө. Ингэснээр бүргэдүүд тус тэмцээний түүхэнд хоёр дахь удаагаа Ломбарди цомын эзэн болов.
Энэ удаагийн тэмцээнийг Fox суваг, Tubi стриминг үйлчилгээгээр шууд дамжуулжээ. “Fox” суваг бүр өнгөрсөн намар гэхэд зар сурталчилгааны захиалгуудаа авч дууссан бөгөөд 10 гаруй сурталчилгааны нэг бүр нь 8 сая ам.доллараар үнэлэгдсэн тухай CNBC мэдээлсэн юм. Тоглолтын үеэр Nike, “Dunkin”, Cirkul зэрэг брэндүүд олны анхаарлыг ихэд татаж байлаа.
“Super Bowl” тэмцээн нь асар олон үзэгчийг татдаг. Тухайлбал, CBS суваг, Paramount+ үйлчилгээгээр цацагдсан өнгөрсөн жилийн тоглолтыг 123 сая гаруй үзэгч үзсэнээр дээд амжилт тогтоожээ. Мөн тэмцээний завсарлагын үеэр болдог “Halftime” шоу нь хөгжмийн ертөнцийн хамгийн том тайзнуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ удаагийн тэмцээний үеэр Америкийн рэпер Кендрик Ламар "Humble", "DNA", "Not Like Us" зэрэг өөрийн хит бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгожээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Super Bowl”-ыг үзсэнээр төрийн тэргүүний албыг хашиж байх үедээ уг тэмцээнийг үзэж сонирхсон анхны ерөнхийлөгч боллоо. Тэрбээр өөрийн охин Иванка зэрэг олон хүний хамтаар тоглолтыг үзсэн байна. Түүнчлэн хөлбөмбөгчин Лионель Месси, дуучин Тейлор Свифт зэрэг олны танил хүмүүс үзэгчдийн суудалд сууж байлаа