Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.10.01) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг бараалхав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Зүүн өмнөд Ази дахь чухал түнш Вьетнам улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн 70 жилийн хугацаанд бүх талын харилцаа идэвхтэй өрнөж, эдүгээ “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаанд хүрсэн бөгөөд нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт бодит хамтын ажиллагаа хэрэгжиж буйг тэмдэглэв. Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр улсын парламентын удирдлага болон парламент хоорондын бүх түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах нь манай хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэв. Мөн Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын бизнес эрхлэгчдийг төр засгийн бодлогоор харилцан дэмжих нь чухал гэдгийг онцоллоо.