Урлаг спорт

“БИД ӨВЛӨН ДУУЛНА” АРДЫН БОГИНО ДУУ ДУУЛААЧДЫН ӨСВӨРИЙН ОЛОН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.

“БИД ӨВЛӨН ДУУЛНА” АРДЫН БОГИНО ДУУ ДУУЛААЧДЫН ӨСВӨРИЙН ОЛОН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА.
“Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдаан  зохион байгуулах талаар уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлэл өгч байна. 
Ардын дууны "аялгуу нь аргадаж, үг нь зэмлэдэг" гэдэг. Энэ ч утгаараа ардын дуу хүнийг хүмүүжүүлдгээрээ ач холбогдолтой. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхэд багачууд монгол өв соёл, дуу хуураа мэдэхгүй өсөж байна.
Ардын дууг хүүхэд залуус сонирхохгүй, ард үлдэж байна. Тиймээс хүүхэд багачуудад танин мэдүүлэх зорилгоор ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааныг санаачлан зохион байгуулж байгааг онцоллоо. 
“Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, гавьяат жүжигчин С.Нэргүй хэлэхдээ "Ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын уралдаан сүүлийн 20-30 жил болоогүй. Тиймээс багш нартайгаа зөвлөлдөж, ардын өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулахаар болсон. 
Зуунаас зуунд өвлөгдөж ирсэн урлаг маань үнэхээр мартагдаж байна. Өнөөдөр 10 жилийн сурагчид маань урлагийн үзлэгтээ ардын дуугаа сонгож, дуулах нь ховорджээ. Тэгэхээр ардын дуугаа түгээн дэлгэрүүлэх ёстой юм байна.
Ардын дууны аялгуу, үг бүрийн цаана сургаал бий. Биднийг хүмүүжүүлж, монгол хүн байхын утга учрыг ойлгуулж байдаг. Бид өв соёлоо түүчээлж түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй учраас ардын богино дуу дуулаачдын өсвөрийн уралдааныг санаачлан зохион байгуулж байна.
Гуравдугаар сарын 5-нд бүртгэл хаах хугацаа болсон ч санасанд хүрсэн бүртгэл ирэхгүй байгаа учраас хугацааг сунгаж байгаа. 
Уралдааны дүнг лайк, шэйрийн тоогоор үнэлэхгүй. Сайн дуучид, авьяаслаг хүүхдүүдийн бэлтгэн гаргах, тэдэнд өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилготой. Хүүхдүүд маань энэ сайхан өв соёлоо аваад үлдээсэй.
Ард дуу, ардын өв гэдэг бол хүнийг хүмүүжүүлэх асар их ач холбогдолтой" гэлээ. 
Гавьяат жүжигчин, дуучин Ц.Чулуунцэцэг "Уралдааныг бага, дунд, анхлах насных гэсэн шатлалтай зохион байгуулна.
Үнэхээр ирээдүйтэй, авьяаслаг хүүхэд байвал СУИС-д ур чадварын шалгалт авахгүйгээр орох боломжтой. Мэдээж ЭЕШ-ыг зайлшгүй өгсөн байх шаардлагатай" гэдгийг нэмж хэлэв.