Гадаад мэдээ

АЗИЙН ОРНУУД ИРАНЫ АСУУДЛААР БОЛГООМЖИЛСОН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА

АЗИЙН ОРНУУД ИРАНЫ АСУУДЛААР БОЛГООМЖИЛСОН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА
Ойрхи Дорнодын бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал, Америк Израилийн Ираны эсрэг явуулж байгаа дайн тулаанд Азийн тэргүүлэгч улс орнууд маш болгоомжтой байр сууринаас хандаж байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Линь Цзянь АНУ-ын төрийн тэргүүний Ираны эсрэг тавьсан газрын тосны хориг, цаашлаад Ормузын хоолойн аюулгүй байдлыг сахин хамгаалахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийн талаарх Бээжингийн байр суурийг тодруулжээ.
Тэрээр Хятад улс Америк, Израиль, Ираны талуудыг цэрэг дайны ажиллагаагаа зогсооход уриалан, бүс нутгийг энхтайван байдалд уриалжээ. Бээжин Ойрхи Дорнод, Персийн булангийн орнуудтай төдийгүй дэлхийн бусад улс орнуудтай үүсээд байгаа нөхцөл байдлын талаар яриа хэлэлцээ явуулж, нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж байгааг тэмдэглэж байна.
БНСУ, Японы талууд Ираны асуудалд Америкийн талын байр суурийг илүүтэй дэмжиж байгаа юм. Учир нь тэд Персийн булангийн орнуудаас нийлүүлэх газрын тосноос илүү хамааралтай учраас өөрийн орны эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж байгаа нь зүйн хэрэг. Хэдий тийм ч Өмнөд Солонгос болон Японы талууд одоогоор Трампын уриалгад тодорхой хариу өгөөгүй байна.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Трампын уриалгад анхааралтай хандаж байгаагаа илэрхийлсэн ч одоогоор цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ормузын хоолойн руу байлдааны хөлөг онгоцоо илгээх эсэх асуудлыг улсынхаа парламентад өргөн барьж, хариу шийдвэр хүлээж байгаа талаар мэдэгдсэн байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Персийн булангийн бүс рүү цэргийн хөлөг онгоц дэмжлэг болгон илгээх хүсэлт Вашингтоны талаас албан ёсоор аваагүй байгаа талаар мэдэгдсэн байна.