Урлаг спорт

БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИЙН АШТ УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИЙН АШТ УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Ази тивийн боксын шилдгүүдийг тодруулдаг "Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн" Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, “Аса” аренад албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Азийн 25 орны 230 гаруй шилдэг тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Пичай Чунхаважра болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар үг хэлж, тивийнхээ шилдэг тамирчдад спортын өндөр амжилт хүслээ. Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаа нь Монгол Улсын түүх, өв соёл, орчин үеийн хөгжлийг илтгэсэн тусгай найруулгатайгаар зохион байгуулагдсанаараа онцлог байв. Нээлтийн ёслолыг эхлүүлж морьт цэргийн жагсаал "Аса" аренад хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирсэн бөгөөд үүний дараа 22 улсын баг тамирчид туг далбаагаа мандуулан парадаар алхан орж ирсэн юм.
Үүний дараа  "Анир" поп оркестр "Эзэнт гүрэн" хөгжмийн бүтээлээр эхлүүлж, "Хатан чуулга"-ын бүжигчид "Монгол аялгуу - Монгол хатан" бүжиг бүжиж, "The HU" хамтлаг уран бүтээлээ толилуулсан бөгөөд дуу, бөмбөр, гэрлийн тусгай эффект хосолсон үзүүлбэрүүд нь тэмцээний сүр жавхааг нэмж байв.
Бокс нь залуу үеийг сахилга бат, тэсвэр хатуужилд төлөвшүүлж, улс үндэстнүүдийн найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг спортын чухал төрөл бөгөөд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь бүс нутгийн спортын дипломат харилцааг өргөжүүлэх чухал индэр болж байна.