Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тавдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тайзнаа дахин толилуулна. “Жизель” балет анх 1841 онд Парис хотын “Гранд Опера” театрт тайзнаа амилж, улмаар дэлхийн олон оронд тоглогдсон сонгодог бүтээл юм. Монголд анх 1979 онд тавигдсан энэ балет нь романтизмын үеийн төлөөлөл болж, хайр сэтгэл, гунигт хувь тавилангийн тухай өгүүлдгээрээ онцлогтой. Мөн пуанты техник хөгжсөнөөр балетын урлагт томоохон дэвшил авчирсан түүхтэй.