Цагдаагийн байгууллагаас гарал үүсэл тодорхойгүй, хуурамч архи, согтууруулах ундааны худалдаа цахим орчин болон гар дээрээс нэмэгдэж байгааг анхаарууллаа. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, ийм төрлийн хуурамч архинд метанол болон төрөл бүрийн химийн бодис агуулагдах эрсдэлтэй байдаг. Энэ нь хүний биед задрахдаа харааны мэдрэлийг гэмтээж сохрох, төв мэдрэлийн системийг хордуулах, цаашлаад амь насанд хүрэх аюултай юм. 2025 оны байдлаар, гарал үүсэл тодорхойгүй 10.5 тонн буюу 8 мянга гаруй шил архи, виски хураан авч устгасан бол хууль бусаар архи, согтууруулах ундаа хилээр нэвтрүүлэхийг завдсан 96 зөрчил бүртгэгджээ. Иймд иргэдийг согтууруулах ундаа худалдан авахдаа “e-barimt” аппликэйшнээр QR код уншуулж гарал үүслийг шалгах боломжтойг анхааруулж, хямд үнэ бүхий гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүнээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.