БНСУ-ын супер од G-Dragon, Shinee хамтлагийн дуучин Taemin болон алдартай жүжигчин Сон Кан Хо зэрэг олны танил одуудын харьяалагддаг Galaxy Corporation Сөүл хотын Гангдон дүүрэгт 16 500 м² талбай бүхий дэлхийн анхны робот паркийнхаа албан бус нээлтийг хийжээ. Galaxy Robot Park-т роботууд хүмүүст зөвхөн үйлчлээд зогсохгүй, дуулж бүжиглэж, загвар үзүүлж, хөгжөөх аж. Тус паркийн нээлтийн ажиллагаа дээр загварлаг чөлөөт хувцас өмссөн роботууд G-Dragon болон Taemin нарын хит дуунуудын аян дээр бүжиглэж үзүүлсэн байна. Galaxy Corporation компанийн Гүйцэтгэх захирал Чой Ёнг Хо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Бид өдөртөө 3-6 робот к-поп концерт, жилдээ 1000 гаруй шоу зохион байгуулна гэж төлөвлөөд байна. Энэ оны сүүл гэхэд бид дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлнэ гэж тооцоолоод байна.” гэжээ. Роботуудын к-поп үзүүлбэрүүдийг үзэж сонирхохоос гадна паркийн зочид роботуудтай ярилцаж, төрөл бүрийн үйлчилгээ авч, робот нохойнуудтай тоглох боломжтой юм байна. Түүнчлэн паркийн зочид роботуудын хөдөлгөөнийг удирдаж роботуудын боксын тулаанд хүчээ сорьж болох аж. Энэ сарын сүүлээр Galaxy Corporation анхны роботуудын загварын шоу зохион байгуулж, роботын загварын брэнд гаргахаар төлөвлөжээ. Цаашлаад роботуудыг к-поп алдартнуудын тэр бүр очиж чаддаггүй газрууд тэр дундаа дайны бүс рүү илгээж, цэргүүд болон дайн тулаантай орны иргэдэд зориулж тоглолт зохион байгуулж байхаар төлөвлөжээ.