Монгол улсын сурагчид 2010 оноос олон улсын математикийн олимпиадад тогтмол оролцож, Вьетнам Улсад зохион байгуулагдсан 25 дахь удаагийн тэмцээнээс цом хүртсэн. Энэ удаагийн олимпиадад манай улсын 80 гаруй сурагч оролцож байна. Монгол улсын сурагчид Олон Улсын Математикийн Олимпиад болон бусад уралдаан тэмцээнд тогтмол оролцож, жил ирэх бүр өндөр амжилт үзүүлсээр байгаа нь монголын багш нарын халуун хичээл зүтгэл, хөдөлмөр, мэдлэг чадвар болон монголчуудын сэтгэлгээний цар хүрээг харуулж байгаа үйл явдал юм. Мөн энэхүү амжилт нь олон улсад туршлагаа нээлттэй хуваалцаж, суралцаж байгаагийн үр дүн гэдгийг Боловсролын яамны төрийн бичгийн дарга Т.Ням-Очир онцолж байна. Хүүхэд залуусын логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч эрэл хайгуулыг хөгжүүлэх нь боловсролын салбарын тэргүүлэх зорилтын нэг билээ. Энэхүү тэмцээн нь тэрхүү зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
