Гадаад мэдээ

ЯПОНД 7.1 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, 3 ХҮН АМИА АЛДЖЭЭ

ЯПОНД 7.1 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, 3 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Японы өмнөд хэсгийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дор хаяж гурван хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтэн, барилга байгууламж болон дэд бүтцэд их хэмжээний хохирол учирлаа.  Газар хөдлөлтийн дараа 200 орчим дэлгүүртэй “Aeon Mall Kumamoto” худалдааны төвд хүчтэй дэлбэрэлт болж, барилгын нэг хэсэг нурсан байна. Хий алдагдсанаас үүдэлтэй байж болзошгүй уг дэлбэрэлтийн улмаас нэг талын төмөр хийц нь ил гарч, автомашины зогсоол бүхэлдээ нурангид дарагджээ. Шөнийн турш үргэлжилсэн аврах ажиллагааны үеэр нурангиас найман хүнийг гаргаж авснаас 20 гаруй насны хоёр эмэгтэй амиа алдаж, нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

TSMC, Sony, Fujifilm үйлдвэрүүдийнхээ ажилчдыг аюулгүй зайд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд чип үйлдвэрлэгч “TSMC”-ийн байгууламжид ноцтой гэмтэл гараагүй тул үйл ажиллагаагаа үе шаттайгаар сэргээж эхэлжээ. Харин хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Tokyo Electron” хоёр үйлдвэрээ Лхагва гарагийг дуустал хаах шийдвэр гаргасан бол “Honda” мотоциклийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоосон байна. Газар хөдлөлтийн голомт Күмамото хотоос өмнө зүгт 20 км зайд байрласан бөгөөд дараах хохирол бүртгэгдээд байна:

48 мянга орчим айл өрх цахилгаангүй болж, авто замуудад гүн ан цав үүссэний улмаас төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоон, Күмамото нисэх буудал нислэгүүдээ түр цуцаллаа. “Nippon Paper Industries” компанийн үйлдвэрт яндан нурсны улмаас хэд хэдэн хүн сураггүй болж, аврагчид 50 гаруй хүнийг авраад байна.  Бүс нутгийн атомын цахилгаан станцуудад ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй болохыг Японы Цөмийн зохицуулах газраас баталжээ. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи гамшгийн хохирлыг бүрэн тогтоохоор ажиллаж байгааг мэдэгдсэн бөгөөд Цаг уурын агентлагаас ойрын нэг долоо хоногийн хугацаанд хүчтэй дараах чичирхийлэл үргэлжлэх тул 300 мянга орчим иргэнийг түр нүүлгэн шилжүүлэх төвүүдэд очихыг зөвлөв.