Гадаад мэдээ

БНСУ ДАЯАР 80 ШҮҮХИЙН БАЙРЫГ ТЭСРЭХ БӨМБӨГӨӨР ЗАНАЛХИЙЛЖЭЭ

БНСУ ДАЯАР 80 ШҮҮХИЙН БАЙРЫГ ТЭСРЭХ БӨМБӨГӨӨР ЗАНАЛХИЙЛЖЭЭ
БНСУ даяар 80 шүүхийг тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн хэрэг наймдугаар сарын 26-нд гарчээ. Заналхийлсэн цахим шуудангаас болж цагдаа нар шүүхийн байруудад нэгжлэг хийж, аюулгүй байдлыг чангатгасны зэрэгцээ зарим шүүхийн үйл ажиллагаа саатсан байна. Цагдаа нар Инчон дүүргийн шүүхээс хамгийн анх дэлбэрэлт болно гэсэн сүрдүүлгийн тухай дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Улмаар шүүхийн байр болон түүний ойр орчмын газрыг ойролцоогоор гурван цагийн турш нэгжиж, шалгасан байна. Энэ ажиллагаанд 37 офицер, цагдаагийн тусгай ажиллагааны 11 ажилтан, гурван нохой оролцжээ. Бусан, Өмнөд Кёнсан мужийн Чанвон, Хойд Чунчон мужийн Чонжу, Тэжон, Инчон, Хойд Жолла мужийн Чонжу, Кванжу, Сөүл, Улсан зэрэг улс орон даяарх шүүхүүдэд ч мөн тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн цахим шуудан ирсэн аж. Цахим шуудангууд агуулгаараа ерөнхийдөө төстэй, шүүхийн барилгуудын дотор болон эргэн тойронд гар хийцийн тэсрэх бодис байрлуулсан, Лхагва гаригийн орой дэлбэрнэ гэсэн утгатай байжээ. Заналхийлсэн зурвасыг илгээгч нь өөрийгөө Японы хамтлагийн гишүүн гэсэн байна. Тухайн хүн агентлагтайгаа гэрээ цуцлах болсны дараа олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл, таагүй сэтгэгдэл хүлээж авсан, үүнээсээ болоод сэтгэлээр унасан гэж цахим зурвастаа бичсэн байжээ.