Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ард иргэдийнхээ чөлөөт цаг, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор амралт, зугаа цэнгэлийн салбараа эрчимтэй хөгжүүлж байна. Тус улс сүүлийн жилүүдэд кофе шоп, тансаг худалдааны төв, усан парк, амралтын газар зэрэг шинэ төрлийн үйлчилгээний газруудыг олноор байгуулж байгаа талаар Reuters мэдээлжээ. Үүнийг Ким Жон Уны дэглэм иргэдээ төрийн хяналттай орчинд мөнгө зарцуулах, улмаар улсын орлогыг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, тус улсын зүүн эрэгт байгуулсан Вонсан-Кальма аялал жуулчлалын бүс нь 20 мянга хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд далайн эрэг, усан парк, худалдаа үйлчилгээний байгууламжуудтай. Тус бүсийг 2025 онд нээсэн юм. Мөн Хойд Солонгос рашаан сувиллын газар, цанын бааз, амралтын цогцолборуудыг шинэчилж, дотоодын иргэдийн амралт, аяллыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Пёньян хотын өнгөрсөн онд нээгдсэн Rangnang Aeguk Kumgang Service Complex хэмээх тансаг худалдааны төвд оршин суугчид капучино ууж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл сонирхож буй нь харагджээ. Түүнчлэн Ким Жон Ун дөрөвдүгээр сард охин Ким Жү Эгийн хамт шинээр нээгдсэн тэжээвэр амьтдын дэлгүүрт зочилжээ.
Reuters-ийн мэдээлснээр энэ өөрчлөлт нь зөвхөн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой биш. Төрийн хяналтаас гадуурх зах зээлд иргэдийн мөнгө эргэлдэхийг багасгаж, хэрэглээг төрийн хяналттай сувгаар дамжуулах, улмаар инфляц болон эдийн засгийн дарамтыг бууруулах зорилготой байна.
Гэвч шинэ зугаа цэнгэлийн газруудын хүртээмж нийт иргэдэд адилгүй хэвээр байна. Ялангуяа хөдөө орон нутагт шинээр байгуулсан усан паркуудын зарим нь бүрэн ажиллахгүй байгаа талаар судалгаанууд харуулжээ.