Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр болжээ.
Хуралдаанаар үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа болон 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож хэлэлцсэн байна. Энэ үеэр 2028 оны Лос-Анжелесийн олимп, паралимпын наадмын эрх авах тэмцээнүүдэд үндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулах, бэлтгэл сургалтыг хангахад шаардлагатай зардал болон тамирчин, дасгалжуулагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэн санхүүжүүлэх чиглэл өгчээ. Тодруулбал, дээрх зардлыг төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт нэмэгдүүлэн тусгах чиглэлийг Сангийн сайд З.Мэндсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нарт өгсөн байна. Мөн Японы Айчи-Нагоя хотод энэ оны ес, аравдугаар сард болох Азийн XX наадам болон Азийн пара V наадамд оролцох Монголын баг тамирчдын хоол, байрны зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Уг зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.