Урлаг спорт

"Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

"Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монголын анхны тогтмол хэвлэл “Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан “Монголын үнэн-Нэгэн зууны товчоон” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийлээ.  Нээлтийн арга хэмжээнд “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд, гэрэл зурагчин, МУСГЗ Н.Бөхдамбий, Монгол Ардын Намын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, “Степпелинк” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Үндэсний мэдлэгийн цахим сан Esan-гийн үүсгэн байгуулагч Ц.Мөнхтүшиг нар оролцлоо.

“Монголын тогтмол хэвлэлийн нэг томоохон төлөөлөгч бол “Монголын үнэн” сонин. Дан ганц “Монголын үнэн” сонин ч биш цаасан хэвлэл цаашдаа ч мэдээллийн гол эх сурвалж байсаар байна” гэдгийг “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд энэ үеэр онцолсон юм.

Харин Монгол Ардын Намын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд “Монголын үнэн” сонины 100 жилийн ой гэдэг Монголд тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой юм. Бүх салбарт цахим шилжилт явагдаж байгаа энэ үед сэтгүүлзүйн салбар ч энэ чиглэл рүү хөгжиж буй. Гэсэн хэдий ч цаасан хэвлэл, сонин мэдээллийн гол эх сурвалж нь байсаар байна. “Монголын үнэн” сонин өнөөдрийг хүртэл 24 мянган дугаар эрхлэн гаргасан. Үүний 20 мянган дугаарыг Esan-гийнхан цахим хэлбэрт оруулсан” гэдгийг дуулгалаа. “Esan” төслийн хамт олон уг ажлыг нийт зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Ингэснээр тус сонины 20 мянган дугаарыг цахимаар хүлээн авч унших, иш татан оруулах бүрэн боломжтой болсон байна.



Үзэсгэлэнд “Монголын үнэн” сонины анх хэвлэгдэн гарсан 1920 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаараас эхлээд өнөөг хүртэл хэвлэгдэн гарч, баринтаглан хадгалагдсан дугааруудаас сорчлон гаргажээ. “Монголын үнэн” сонины 1920 онд гарсан анхны дугаар нь зургаан ширхгээр хэвлэгдэж байсан бол оргил үедээ 220 гаруй мянган ширхгээр гарч хэвлэлийн түүхэнд байгаагүй амжилтыг тогтоож байжээ.   

“Нэгэн зууны түүхийг сониныхоо шарласан хуудаснаа үлдээсэн Монголын үнэн сонины түүх гэдэг Монгол Улсын түүх юм” гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Үнэхээр ч Монгол улсын өнгөрсөн 100 жилийн нийгэм, улс төрийн байдал, монголчуудын амьдрал, нэгдэлжих хөдөлгөөн, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэржилтийн үйл явцууд хийгээд Ардын хувьсгалын түүхэн он жилүүдэд Монголын тогтмол хэвлэлд чухам юу нийтлэгдэж, нийтлэлийн ямар бодлого баримталж байв гэдгийг та тус үзэсгэлэнгээс харж болох юм.

Үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын ордноо үргэлжилнэ.