Нийгэм

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 33 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЖЭЭ

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 33 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЖЭЭ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны гуравдугаар сарын 31-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 18, орон нутагт 15 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 61 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гэрийн хяналтад 2 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5256 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3550, 5-9 насны 1852 хүүхэд, 15-19 насны 1791 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.