Урлаг спорт

МОНГОЛД АНХ УДАА МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУР УРЛААЧИЙН АНГИЙГ НЭЭЖЭЭ

МОНГОЛД АНХ УДАА МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУР УРЛААЧИЙН АНГИЙГ НЭЭЖЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” тухай 2024 оны зарлигийн дагуу Монголд анх удаагаа Үйлдвэрлэл урлалын политехник коллежид Морин хуур урлаачийн ангийг шинээр нээсэн байна. 
2025 оны намар шинээр элсэлтэд хамрагдсан 30 гаруй суралцагчид жилийн хугацаанд амжилттай суралцаж байгаа бөгөөд сургалтын орчин, явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцан, багш мэргэжилтнүүдтэй уулзлаа. 
Тус сургуулийн морин хуур урлаачийн ангид Морин хуурын урлаачдын холбооны шилдэг мастер урлаачид багшилж, онол практикыг эзэмшүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэлээ. Энэ хичээлийн жилд “Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга” буюу Морин хуур урлаачийн анги нь суралцагсдад давхар мэргэжил эзэмшүүлэх, хөрвөх чадвартай ажлын байраар хангах, эрэлт ихтэй салбаруудад мэргэжлийн урлаачаар төгсөх олон талын боломжийг бий болгож байгаа юм. 
Монгол Улсын Ерөнхийлөгчч У.Хүрэлсүх шинээр нээгдсэн морин хуур урлаачийн ангийн багш, оюутнуудтай уулзах үеэрээ монголд анх удаагаа эрэлт хэрэгцээ өндөртэй хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тэр дундаа морин хуур урлаачаар суралцаж буй бүх оюутнуудад амжилт хүсээд, монгол айл, өрх бүр нэг морин хуурчтай болоход урлаачдын оролцоо чухал гэдгийг онцлоод цаашид төрийн бодлогын түвшинд  бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 
60 жилийн түүхтэй Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж” 40 гаруй мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэсэн, үйлчилгээний салбарын анхдагч сургуулийн нэг юм.
Үйлчилгээ, аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын салбарт 33 мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг. 2,152 оюутан, 130 гаруй багш, ажилтантай. 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, суралцагчдаа дадлагажуулан, ажлын байраар хангадаг. Мөн дотоод, гадаадын 20 гаруй сургуульд төгсөгчдөө шатлан сургадаг юм байна.