Гадаад мэдээ

УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫГ АВЛИГЫН ХЭРЭГТ БУРУУТГАЖЭЭ

УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫГ АВЛИГЫН ХЭРЭГТ БУРУУТГАЖЭЭ

​Украины авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Андрей Ермакийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан улсаас их хэмжээний хөрөнгө мөнгө хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай гэж үзжээ.

Тухайлбал Киевийн дор тансаг зэрэглэлийн хувийн орон сууц бариулахдаа 460 сая гривен хувьдаа зарцуулсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Андрей Ермакийг “Миндичгейт”-ыг тойрсон авлигын хэрэгтэй холбоотой хэл аманд нэр холбогдсон хэргээр өнгөрсөн оны 11-р сард албан тушаалаас нь буулгаад байжээ. Улмаар авлигын хэрэгт холбогдолтой эсэхийг нь шалган тогтоохоор тусгай ажлын хэсэг гарчээ.

Украины Авлигатай тэмцэх газар, Авлигын хэргийг мөрдөх шалгах прокурорын албаны мэдээлж байгаагаар Ермак нийслэл Киев хотын дор баригдаж байгаа тансаг зэрэглэлийн барилгын захиалагч, энэ зорилгоор 460 сая гривен буюу ойролцоогоор 10,5 сая долларыг хувьдаа завшсан хэргийн гол зохион байгуулагч нь байж болох гэнэ.

“Династия” нэртэй тансаг зэрэглэлийн хотхоны дэргэд баригдаж байгаа хувийн эдлэнгийн бүсэд Украины шадар сайд асан Алексей Чернышев, бизнесмен Тимур Миндич зэрэг хүмүүс захиалгаар барилга бариулж, тус бүр нь мянган кв/м, 2 сая долларын өртөгтэй 4 сууцыг хувьдаа авахаар төлөвлөж байжээ. Төслийг нийт 8 га газарт 6 сая долларын хөрөнгө оруулалтаар барьж байгаа юм.