Гадаад мэдээ

ОРОС УЛС “САРМАТ” ПУУЖИНГ АМЖИЛТТАЙ ХӨӨРГӨЛӨӨ

ОРОС УЛС “САРМАТ” ПУУЖИНГ АМЖИЛТТАЙ ХӨӨРГӨЛӨӨ
Орос улс тив хоорондын хүчирхэг баллистик пуужин болох “Сармат”-ыг амжилттай хөөргөлөө. Энэ талаар ОХУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн пуужингийн хүчний командлагч Сергей Каракаев Ерөнхийлөгч Владимир Путинд видео холбоогоор илтгэжээ.
“Сармат” тив хоорондын стратегийн пуужин нь өмнөх үеийн “Воевода” пуужинтай харьцуулахад илүү алсын зайн тусгалтай, шидэлтийн жин, пуужингийн довтолгооноос хамгаалах системийг эсэргүүцэх чадвараараа илүү хүчирхэг юм.
Владимир Путин Оросын цэргийн хүчний боловсруулсан шинэ стратегийн пуужинг хүчин чадлын хувьд дэлхийд хаа ч байхгүй хүчирхэг зэвсэг болохыг онцлон хэлсэн байна.
Сармат пуужин нь зөвхөн тив хоорондын төдийгүй мөн тойрог замын дагуу нисэх чадвартай, 35 мянган километрийн алсын зайг туулах өмнөх үеийн ижил пуужингаас хоёр дахин илүү нарийвчлалтай болохыг онцолжээ.
Сармат пуужинг энэ оны сүүлч гэхэд Оросын цэргийн зэр зэвсэглэлийн бүрэлдэхүүнд нэгтгэхээр төлөвлөж байна.