Дэлхийн геополитикийн хурцадмал байдал 2026 оны эхний улиралд аялал жуулчлалын салбарт хүчтэй нөлөөлж, нефтийн үнэ өсөх, тээврийн зардал нэмэгдэх, олон улсын нислэгийн урсгал саарах зэрэг сорилт үүсгээд байна. Дубай, Доха зэрэг томоохон транзит төвүүдийн хүчин чадал буурснаар Европ-Азийг холбосон холын аяллын урсгал хумигдах төлөвтэй байгаа юм. Үүний улмаас, Монгол руу чиглэх нислэгийн тоо цөөрч, тийзийн үнэ өсөх эрсдэл нэмэгджээ. Гэсэн ч, Монгол Улс аюулгүй, тогтвортой аяллын чиглэл гэж үнэлэгдэж байгаа нь энэ оны эхний таван сард ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 17 хувиар өссөнөөс харагдаж байгаа юм. Мөн салбарынхан нэг сая жуулчин хүлээн авах зорилтод хүрэхэд БНХАУ-тай хамтран хил орчмын зургаан аяллын маршрут хөгжүүлэхээр тохиролцжээ. Мөн жуулчдын тооноос гадна үйлчилгээний чанар, Наадмын тасалбарын хүртээмж, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах шаардлага тулгамдсан асуудал хэвээр байгаа юм.