Ирэх наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнийг Монголын Волейболын Холбоо Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Азийн бүс нутгийн шилдэг үндэсний шигшээ багууд Улаанбаатар хотноо цуглан өрсөлдөх юм. Энэ удаагийн тэмцээнд Азийн төдийгүй дэлхийн волейболын хүчирхэг төлөөлөл болсон БНХАУ, Япон, БНСУ тэргүүтэй бүс нутгийн өндөр чансаатай үндэсний шигшээ багууд болон Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн шигшээ багууд Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөнө. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь бүс нутгийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй волейболын тэмцээнүүдийн нэг бөгөөд Монгол Улс энэ тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Зохион байгуулагчдын онцолж буйгаар, энэ удаагийн тэмцээн нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ үеийг эхлүүлэхийн зэрэгцээ олон улсын тэмцээн зохион байгуулах чадавхыг бататгах стратегийн ач холбогдолтой юм.