Балба болон БНХАУ-ын Төвдийн хилийн бүсэд болсон гэнэтийн үерийн улмаас 157 хүн амиа алджээ. Нас барсан хүмүүсийн тоо үүнээс хамаагүй олон байж магадгүй хэмээн хоёр талын эрх баригчид таамаглаж байна. Лхагва гарагийн өглөө Гималайн нурууны мөсөн голын доод хэсэг хагарсан нь газар хөдлөлтөөс үүдэлтэй байж болзошгүй юм. Балба болон Төвдийн хилийн уулархаг хэсгийг даган урсдаг Лхенде Хола гол мөс, цасан нурангид дарагджээ. Хөрсний нуралтын улмаас үүссэн шавар шороо Төвдийн Гиронг боомт болон Балбын нутаг руу орж, бүхэл бүтэн зам, цахилгаан эрчим хүчний байгууламжийг эвдлэн сүйтгэжээ. Одоогоор 157 хүний цогцсыг олсон ба энэ тоо эрс нэмэгдэж магадгүй байна. Нийт хэдэн хүн сураггүй алга болсон нь мөн тодорхойгүй байгаа юм. Сураггүй алга болсон хүмүүсийн дунд 400 гаруй гадаадын жуулчин байгаагаас мөргөл үйлдэж явсан Энэтхэгийн 133, АНУ-ын 47, Австралийн 34, Их Британийн 33, Канадын 24 иргэн байна. Усан цахилгаан станц дээр ажиллаж байсан Өмнөд Солонгосын 9 иргэн, мөн Малайз, ӨАБНУ-ын хэд хэдэн иргэн мөн сураггүй алга болжээ. Үерийн сэрэмжлүүлэг гаргасны дараа Энэтхэгийн Бихар мужид 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Балбын цагдаа нар, цэргүүд аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ус татрах хүртэл аврах зарим газарт нисдэг буух боломжгүй байна.
Нам дор газарт амьдардаг хүмүүсийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж, голын эрэг дагуу амьдардаг хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт тусламж үзүүлэхийн тулд ажилтнуудыг дайчилж байгаагаа НҮБ мэдэгдэв. Энэтхэг улс аврах, тусламж үзүүлэх тал дээр Балбын эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж байгаагаа мэдэгдсэн бол Өмнөд Солонгосын шуурхай арга хэмжээ авах багаа илгээлээ.