Эдийн засаг

Дарханы зам I Хөрс хуулалт, далангийн ажил эхэлжээ

Дарханы зам I Хөрс хуулалт, далангийн ажил эхэлжээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр танилцжээ.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилт 2020 онд бүрэн дууссан бөгөөд засал, гологдол засварлах ажил энэ онд хийгдэх бол “Багц-3”-ын хувьд ажлын талбайд 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж байршин ажиллаж байна. 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажил хийгдэж байгаа энэ багцын нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай яваа аж.

“Багц-5” ажлын талбайд 61 хүн, 35 техник, тоног төхөөрөмж ажиллаж, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийгдсэн суурийн засварын ажил хийгдэж байна.  Нийт ажлын гүйцэтгэл 73.57 хувь.

“Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг энэ 5 дугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил өнгөрсөн 03 дугаар сарын 26-наас эхэлжээ.

Сайд Л.Халтар гүйцэтгэгч нар тендерт оролцохдоо хэчнээн хэмжээний машин техник, тоног төхөөрөмж, хүн хүчтэй ажиллахаар тооцож төлөвлөж батлуулсан ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг долоо хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулах, хөрс хуулалт, далангийн ажлын удаашралтай байгаа хэсгийг шуурхайлуулах, гүүр хоолойн ажлыг идэвхижүүлэх, хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг төслийн зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өглөө. Мөн Ковид-19 цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, ариутгалыг байнга хийх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Одоогоор ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна.