Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Нэмүү өртгийн албан татварын буцаан олголтын одоогийн 2 хувийн зохицуулалтыг хэвээр хадгалах хуулийн төслийг боловсруулснаа танилцууллаа. Түүний мэдээлснээр, өмнө батлагдсан буцаан олголтыг нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжвэл Улсын төсвийн орлого 1.8-2.5 их наяд төгрөгөөр буурах эрсдэлтэй байгаа гэнэ. Мөн 2025 онд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлснээр төсвийн урсгал зардал өссөн энэ үед орлого огцом буурах нь төсвийн тогтвортой байдалд хүндрэл учруулж болзошгүй гэж үзжээ. Иймээс, Засгийн газар эдийн засгийн бодит нөхцөл байдал, иргэдийн амьжиргаанд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, уг төслийг Монгол Улсын Их Хуралд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн байна.