Эдийн засаг

УОК: БҮХ МАЛАА ЗУДАД АЛДСАН 342 МАЛЧИН ӨРХ БАЙНА

УОК: БҮХ МАЛАА ЗУДАД АЛДСАН 342 МАЛЧИН ӨРХ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Цаг уур орчны шинжилгээний газраас хийсэн зудын үнэлгээгээр улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн зудын, 16 аймгийн 130 суманд цагаан зудын, 14 аймгийн 49 суманд мөн нийслэлийн хоёр дүүрэгт цагаанаар зудархуу байна. Нийтдээ 20 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн.
Төмөр буюу мөсөн зудын нөхцөлд 10 аймгийн 37 сумын 22.3 мянган малчин өрх, цагаан зудын нөхцөлд 16 аймгийн 130 сумын 75 мянган малчин өрх байна.
Гуравдугаар сарын эхний арван хоногийн байдалаар нийт нутгийн 63 хувь цасан бүрхүүлтэй, 37 хувь нь цасгүй байна. Улсын хэмжээнд буюу 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдалаар малын хорогдол 4 сая, 741 мянга 423 мянгад хүрсэн. Мал хамгийн хорогдсон аймагт Сүхбаатар буюу 1.3 сая, Хэнтий аймагт 636 мянга,  Дорноговь аймагт 432 мянга, Архангай аймаг 418 мянга, Төв аймагт 351 мянга, Дундговь аймагт 202 мянган толгой мал хорогдсон дүн мэдээлэл гараад байна.

Гуравдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 70 буюу түүнээс дээш хувиар мал нь хорогдсон 2257 өрх байна гэсэн судалгаа гарсан. Бүх малаа алдсан 342 өрх байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас аймаг орон нутгийн онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Зэвсэгт хүчний анги нэгтгэлээс Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн 19 сум руу нийтдээ 25 техник хэрэгсэл, 274 албан хаагчийг ажиллуулж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ний өдрөөс хойш ажиллах хугацаанд нийтдээ 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулж ажилласан.
ОХУ-аас зудын хүндрэлтэй нөхцөл байдалд малчдад туслах зорилгоор 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг ирүүлсэн. Өчигдөр, уржигдрын байдлаар татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Малчдад туслах зорилгоор хувь хүн, аж ахуйн нэгжүүд байгууллагууд малчдад туслах хандивын аянд нэгдэж өнөөдрийн байдлаар 49 иргэн, 28 аж ахуйн нэгж байгууллага, 72 төрийн байгууллага, 28 төрийн бус байгуулага, нэг гадаадын байгуулагаас нийтдээ 3 тэрбум 372 сая төгрөгийн мөнгөн хандив, 5 иргэн, 24 аж ахуй нэгж байгуулагаас 811 сая төгрөгийн бараа материалын дэмжлэгийг УОК-т ирүүлээд байна гэлээ.