Эдийн засаг

Ч.ХИШИГДАЛАЙ: "АИ-95 ШАТАХУУНЫ ҮНИЙГ МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭХ САНАЛ ИРҮҮЛСЭН"

Ч.ХИШИГДАЛАЙ: "АИ-95 ШАТАХУУНЫ ҮНИЙГ МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭХ САНАЛ ИРҮҮЛСЭН"
Шатахууны үнийн асуудалтай холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр цаг үеийн мэдээлэл өглөө.

Ч. Хишигдалай: "Сар бүрийн 4 болон 25-ны өдөр гол нийлүүлэгчдээс үнийн санал ирдэг. Уг үнийн санал ирсний дараа Үнийн зөвлөлийг хуралдуулахаар төлөвлөж байна. Сар бүрийн 25-ны өдөр манай гол нийлүүлэгч болох ОХУ-аас үнэ ирдэг. Ийнхүү санал болгосон үнэ ирсний дараа хуралддаг. Бид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр худалдан авдаг. АИ-92 шатахууныг тодорхой хэмжээнд тогтворжуулах гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байна. Харин бусад бүтээгдэхүүний хувьд олон улсын зах зээлийн үнээр худалдан авч байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон. Бид газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад газрын тосны бүтээгдэхүүнийг маш бага хэмжээгээр нөөцөлдөг. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд богино хугацаанд аж ахуйн нэгжүүдийг дэмжих шаардлагатай байна. Үүнд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн агуулах барих ажлыг эрчимжүүлж байна” гэв.

Үнийн зөвлөл 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдахаар төлөвлөж байна. Тэгвэл шатахуун экспортлогч компани, аж ахуйн нэгжүүд үнийн өөрчлөлт, зөрүү их байгаа тул үнийг бага хэмжээгээр нэмэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байгаа гэнэ. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс дунджаар 1000 төгрөгөөр нэмэх санал ирүүлсэн. Гаалийн албан татварыг 5 хувь хүртэл зохицуулах боломжийг Засгийн газрын холбогдох тогтоолд тусгасан ч бодит байдал дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 60–70 хувь өссөнийг тэмдэглэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны нөөцийн хувьд АИ-92 шатахуун 41 хоногийн, дизель түлш 21 хоногийн нөөцтэй байна.