Нийслэлийн эрх зүйн орчныг шинэчилснээр санхүүгийн олон эх үүсвэр татах боломж бүрдэж, 2024 онд дотоодоос 800 тэрбум төгрөг, гадаадаас 500 сая ам.долларын бонд босгосон. Дотоодын бондын хөрөнгөөс Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, станц ашиглалтад орсноор нийслэлийн эрчим хүчний хомсдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна. Мөн Багануур дүүрэгт батарей хуримтлуурын станц барьж, бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлжээ. Үүнээс гадна Туул-1 коллектор, авто замын засвар шинэчлэл зэрэг дэд бүтцийн ажлуудыг санхүүжүүлсэн байна. Харин гадаад бондын 500 сая ам.долларыг Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулж байгаа юм. Саяхан Дулааны тавдугаар цахилгаан станцыг 200 тэрбум төгрөгийн дотоод бондоор санхүүжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр олон мянган айлыг дулаан, цахилгаанаар хангах боломж бүрдэх юм. Ийнхүү нийслэлийн бондын хөрөнгө оруулалт нь зөвхөн өнөөгийн хэрэгцээг хангахаас гадна хотын урт хугацааны хөгжлийн суурийг бүрдүүлэхэд чиглэж байгааг албаныхан онцолж байна.