Гайхамшигт амьдрал

Амар амгалангийн оронд буй аавдаа...

Амар амгалангийн оронд буй аавдаа...

Амар амгалангийн оронд аав минь та амар тайван байна уу. Аль эсвэл аль нэг хүү охиндоо алиа хөөрхөн үр нь болоод ирчихсэн байна уу. Бурхан багшийн зурсан зурагт буцаж, таныг бидэндээ ирнэ гэсэн болохоор хэн нэгэндээ шинэ хүн мэндлэхэд битүүхэндээ таныгаа юм бол уу гэж бодоцгоодог.  Ааваа бид таныгаа явснаас хойш улам өнөр өтгөн болж, өрх тусгаарлах нэгэн байхад өвөө эмээ болсон ч байгаа.

Тэр болгондоо таныгаа бид үргэлж үгүйлэн санаж, таныхаа байх ёстой орон зай, үнэт сургаалыг хүсэмжлэх юм. Үнэхээр энэ захиа  аав таньд минь хүрдэг бол таныхаа эзгүйд болсон бүхий л зүйлийг хэдэн өдөр ч хамаагүй бичих юмсан.   Ээж минь сайн, таныг санасандаа  хааяахан харуусал гуниг ганцаардал бүгдийг шингээн, санаа алдахад нь,  хөөрхий ээжийг минь ганцаардуулж юунд аавыг минь авч явав даа гэж бурханд гомдох юм.

Ээждээ үгүйлэгдэх таны орон зайг бид юугаар ч нөхөж чадахгүй.

Аав, ааваа  гэдэг үгийн  араас олон зүйлийг хэлж байсан байх, гэхдээ аавдаа хайртай гэж эрх шар охин хэлсэн билүү. Хайртай  гэж хэлээгүй ч хайртайг чинь мэднээ аав нь гэж та  хэлэх л байх. Хайртай гэдэг үгийг, хайртай  хүндээ хэлж чадаагүй алдсан хүн л, ямархан харамсалтай байдгийг ойлгодог юм байна. Одоо би аавынхаа зургийн өмнө зогсоод нулимс унаган байж хайртай шүү, таныгаа санаж байна гэж мянга дахин хэлдэг ч нэг ч удаа болов аавд минь хүрэхгүй нь харамсалтай.

Таныг минь авч явсан тэр хар өдрийг хүртэл би аавын эрх охин, таны балчир жаахан үр нь байсан. Хүний эхнэр хүүхдийн ээж болсон намайг,  “Миний муу ховдог охин айлд очоод аавындаа байдаг шиг цаг үргэлж галын өрөөгөөр нь эргэлдээд байж чадахгүй өлссөн үү” гээд л хайр, хошигнол хослуулан сахалтай хошуугаараа үнсэхдээ охиндоо хэзээ ч мартахааргүй аавын хайрын үнсэлтийг үлдээсэн.
Цаг нөхцөөж байна гэж хийдэг байсан таны минь сийлбэрүүд үр хүүхдүүд бидний хамгийн үнэтэй бэлэг болон гэрийн хойморт байрлаж байгаа. Аав таныгаа сар шинийн баяраар юу юунаас илүү үгүйлэн санах юм.

Шинийн нэгний өглөө биднийг ороход ээж аав хоёр минь тавагтай идээнийхээ хоёр талаар хаалгаар орж ирэх биднийг өндөлзөн харж, алд цэнхэр хадгаа дэлгэн угтдаг байсан. Аав таныгаа босго алхуут л нэхэн санах минь юутай хэцүү гэж бодно.  Жилээс жилд улам л таны минь төрхтэй адилхан болж байгаа ах нар маань ээжийн баруун талд суун аавыгаа орлон, санах сэтгэлийг минь засах боловч, баярын энэ өдөр ээжийнхээ гаргаж тавьсан таныхаа хөрөгний өмнө зүрхэндээ  хурах шар усаа тогтоож би үл чадна.
Үр хүүхдүүдийнхээ бахархал болсон таныхаа тухай, тантай минь нүүр тулан уулзаж амжаагүй бяцхан үрсдээ байнга дурсан ярьдаг. Хүнд хэцүү амьдралыг туулан байж, аав таны минь эхлүүлсэн амьдрал тасрахгүй үргэлжилсээр, улам өнөр өтгөн болсоор байгаа.

Багш  мэргэжил тань ч нөлөөлсөн үү, хүргэн, бэр, хүү, охин гэж ялгахгүй хайрлах тэр зан чинь хань ижлүүдийн минь хайрыг нь хүртэл татаж чадсан. Ээжийн минь тайван амгалан зан, ануухан төрх бүгд таны минь ханийгаа яаж хайрлаж байсны илрэл юм уу даа. Аав таныхаа нэгэн биеийн тал болсон ээжийгээ эрхэмлэн хайрлахаа тандаа амлаж, тандаа дуулгаж чадаагүй үзүүлж амжаагүй сайн сайхан болгоноо ээждээ барьж баярлуулна.  Булбарай  жаахан үр минь болж охиндоо буцаж ирээрэй ааваа.

Хайрт охиноос чинь амар амгалангийн орон руу хаяглав...