Гайхамшигт амьдрал

Ухаан суухыг нь хүлээсээр...

Ухаан суухыг нь хүлээсээр...

Өрөөн дотор нэг л бүгчим. Тиймээс цонхоо онгойлгохоор очлоо. Өнөөх машин яг л өчигдөр орой байсан тэр л газраа. Бадам ах цонхныхоо шилийг буулгачихсан яг манай өрөөний цонх руу хараад сууж байв.

-Урнаа эгчээ. Бадам ах бас л гадаа ирчихсэн байна. Та дахиад л арын хаалгаар гарч гэр рүүгээ явах уу гэвэл Урнаа эгч бичиг цаасныхаа ажилдаа түүртээд миний хэлж байгаа үгийг ч сайн сонссонгүй.

-Хөөе. Урнаа эгчээ. Бадам ах таныг бас л хүлээгээд зогсож байна гэж чангахан хэлтэл толгойгоо өндийлгөснөө хайхрамжгүй маягаар

-Аан. Тийм үү гэснээ чимээгүй болчихлоо.

Урнаа гэж манай ахлах нягтлан. Юм, юманд тун няхуур ханддаг, цэвэрхэн, жижигхэн биетэй хэрнээ хөөрхөн эгч. Хэзээ ч илүү дутуу хэл аманд өртдөггүй, бас хэнтэй ч эв зүйгээ олчихдог энэ эгчтэй цуг би долоон жил нэг өрөөнд хамт ажиллаж байгаа ч түүнийг нэг л сайн ойлгодоггүй юм. Одоогоос бараг таван жилийн өмнө бөөн уйлаан, нус нулимстайгаа хутгалдсан хүн архи ууж байнга элдэвлэж зовоодог нөхрөөсөө салж, айлын хажуу өрөө түрээслэн ганц охинтойгоо хамт амьдрах болж билээ. Тэр үед

-Та охиноо бод. Яаж ийж байгаад наад гурван өрөө байраа өөрөө ав. Тэр архичнаа хөөгөөд явуулаач гэхэд

-За яахав дээ. Охин бид хоёр сэтгэл амар байхад л болно. Муу ч гэсэн үр хүүхдийн маань эцэг нь шүү дээ. Бид хоёр хаана ч газардахгүй. Амиа аваад явчихна. Харин тэр хүн орох оронгүй болчихвол гудамжиндаа л гарна гэж хэлж байж билээ. Урнаа эгч эрчүүдтэй тун энгийн нийцтэй харьцана. Тэгсэн хэрнээ өөрт нь илүү талтай хандах эрчүүдээс яг л чөтгөр үзсэн юм шиг зугатаана.

-Ганцаараа хичнээн жил амьдрах гэсэн юм бэ? Одоо хань ижилтэй болооч гэхэд дуугарахгүй. Эсвэл

-Аниадаа амьдрал заах нь уу гэснээ гунигтайхан инээмсэглэхээс өөр юу ч хэлдэггүй. Бадам гэж манай харилцагч байгууллагын менежер эр. Ажлын шугамаар ирж уулзсаар бид бие биенийгээ сайн мэддэг болсон билээ. Хөгжилтэй наргианч, бас сүрхий ажилсаг, амь, амьдралдаа тун чамбай эр Урнаа эгчийг сүүлийн хоёр жил эргүүлдэж байгаа ч ганц аятайхан үг сонсож чадаагүйг нь би мэддэг билээ. Энэ тухай бодох зуур Урнаа эгч рүү харлаа. Түүний ажил дуусаж байгаа бололтой.

-Урнаа эгчээ. Хамт гарах уу? Хоёулаа нэг газар орж жаахан сууя л даа. Вино ууж, юм ярьж сууя, таваг хоол хувааж идвэл яасан юм гэвэл Урнаа эгч инээмсэглэснээ

-Болж л байна. Миний дүү цонхоо хаачих гэснээ гарахаар бослоо.

Бид хоёр арын хаалгаар гарч хажуугийн жижигхэн кафед орж суулаа. Чимээ аниргүй, нэг л нам гүм. Юм бодоод л суугаад баймаар тохилог газар ганц шил вино захиалангаа ойр зуурхан юм ярьж хэсэг сууцгаав.

-Урнаа эгчээ. Та яагаад Бадам ахтай уулздаггүй юм бэ? Сайн ч хүн. Сайхан ч хүн шүү дээ гэвэл Урнаа эгч чимээгүйхэн инээмсэглэснээ

-Охины маань аав амьд сэрүүн байгаа шүү дээ гэх нь тэр.

-Таван жилийн өмнө салсан нөхөр чинь үү? Архи ууж таныг элдэвлэдэг, хардаж, зовоодог байсан тэр хүнийг та одоо хүртэл бодож явдаг хэрэг үү гэвэл

-Тийм хүн байгаагүй юмаа. Чи манай Дөшөөг ямар сайхан залуу байсан гэж бодож байна. Миний амьдралын сайхан бүхий л дурсамж тэр хүнтэй хамт өнгөрсөн. Хөөрхий дөө муу талийгаач ээж минь намайг Дөшөөтэй суухад хөл нь газар хүрэхгүй баярлаж, өвөөгөөгөөсөө үлдсэн хөөргийг гарт нь атгуулснаа нулимсаа арчиж байсан юм. Амьдралд нэг л зүйл үнэ цэнэтэй байдаг юм байна гэдгийг эгч нь сайн ойлгож байгаа. Тэр бол анхны хайр... Хөөрхийдөө муу Дөшөөгөө би муугаар бодож чаддаггүй юм гэснээ чимээгүй болчихлоо.

-Тэгвэл та яах гэж салсан юм бэ? гэвэл

-Нэгд охиндоо аавыг нь архи ууж муу муухай явахыг харуулахгүй гэсэндээ. Хоёрдугаарт түүнийг хэзээ нэгэн цагт өөрийнхөө амьдралыг үнэ цэнэтэй байсан юм байна гэдгийг ойлгог гэсэндээ л салсан юм гэх нь тэр.

-Надад бол Бадам ах их сайхан хүн шиг санагддаг гэж хэлтэл

-Чи Бадамыг урьд нь эхнэр хүүхэдтэй байсныг мэдэх үү?

-Үгүй л дээ. Гэхдээ өдий насны хүн насаараа ганцаараа амьдарч яваагүй л байлгүй дээ гэж хэлэхдээ би өөртөө тун итгэлтэй байлаа. Урнаа эгч санаа алдснаа

-Эмэгтэй хүн цаг хугацааны эрхээр бүхий л зүйлийг уучлан боддог. Сэтгэлд буцалж байсан уур бухимдал, атаа хорсол бага багаар дарагдсаар нэг л мэдэхэд яг л цагаан цаас шиг хоосон болж хоцордог юм. Тэр үед дурсамж л босч ирдэг. Нөхрөөсөө салсан хүүхнүүд нөхрөө муулаад, өширхөж, атаа хорсол тээж, амьтан хүнд муу муухайг нь дуудаад гүйж байсныг би л лав мэдэхгүй. Тиймээс Бадамын салсан эхнэр ч гэсэн яг л нэг өдөр нөхрөө ухаан суухыг нь хүлээгээд сууж байгаа байх даа гэж боддог гэв.

-Та тэгээд архичин нөхрөө хүлээгээд л байгаа хэрэг үү гэвэл Урнаа эгч нэг их санаа алдснаа

-Ухаан суухыг нь хүлээж байгаа. Бадамыг ч гэсэн ухаан суухыг нь хүлээж байгаа. Тэр хүн өөрийнхөө босгосон амьдрал үр хүүхэд дээрээ буцаж очих тэр өдрийг ч бас хүлээж байгаа гэснээ дуугаа хураачихлаа.

-Би бол итгэхгүй л байна. Саллаа, өчнөөн жил боллоо. Тэр хүн ухаан суугаагүй шүү дээ гэвэл

-Магадгүй Дөшөөгийн ухаан суухыг би харахгүй ч байж мэднэ. Гэхдээ охин нь аавыгаа ухаан сууж, ямар сайхан амар амгалан амьдрал дунд, ямар хөөрхөн охинтой аз жаргалтай амьдарч байснаа мэдрэхийг харах байлгүй дээ гэснээ инээмсэглэв. Түүний гуниг хурсан нүдний цаана горьдлого найдварын гал асаж байгааг би олж харж билээ.

Урнаа эгчийн үг яагаад ч юм сэтгэлийн мухарт хоргодож үлдчихээд санаанаас гарч өгөхгүй олон өдөр намайг зовоож байлаа. Дөшөө ахыг олох юмсан. Тэгээд Урнаа эгчийн энэ үгийг хэлэх юмсан.

-Урнаа эгч танаас салсан ч гэсэн сэтгэл танаас салаагүй байгаа. Тэр таныг ухаан суухыг, орон гэрээ үр хүүхдээ гээд хүрээд ирнэ гэж хүлээж байгаа шүү гэж очиж чихэнд нь хашгирмаар санагдаж байлаа. Удаан бодсны эцэст Урнаа эгчийн хуучин гэрт явж очлоо. Дөшөө ах аль хэдийнээ байраа зараад нүүчихэж. Гэхдээ байрыг нь худалдаж авсан айлын уриалгахан эзэгтэй худалдах, худалдан авах гэрээн дээрээс Дөшөө ахын утасны дугаарыг өгөхдөө нэг их төвөгшөөсөнгүй. Тэр эзэгтэйгээс Дөшөө ахын утасны дугаарыг авахдаа баярласандаа гар минь салгалан чичирч байлаа. Тэдний хаалгыг дөнгөж хаангуутаа л Дөшөө ах руу залгалаа

-Байна уу? Дөшөө ах уу? Би Урнаа эгчтэй хамт ажилладаг Сараа байнаа гэвэл тэр хайхрамжгүйгээр

-Аан сайн байна уу? Ах нь хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд яаруу явж байна. Эргээд залгаарай гэснээ үг хэлэхийн ч завдалгүй утсаа салгалаа. Тэднийг эвлэрүүлнэ, уулзуулна, Урнаа эгчийн нүдний үзүүрт сүүмэлзэж байсан тэр итгэл найдварын цог бадамлан асахыг харна даа хэмээн бодож байсан дэврүүхэн мөрөөдөл минь унтарч, яг л бүх бие рүү минь ус цэл хүйтэн ус хэн нэг нь цацчих шиг санагдав. Би хий дэмий л

-Урнаа эгч таныг хүлээж байгаа. Охин чинь ч таныг бас эргээд ирнээ гэж бодож суугаа. Ухаан суухыг тань тэд хүлээж байгаа шүү дээ хэмээн амандаа үглэж зогслоо.