Эдийн засаг

ЗГ: Агаарын тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх талаар судална

ЗГ: Агаарын тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх талаар судална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж, Цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлийн талаар сайд Л.Халтар танилцуулав.

Үүнтэй холбогдуулан олон улс болон орон нутагт хуваарьт нислэг үйлддэг "МИАТ" ТӨХК, "Хүннү Эйр", "Аэро Монголиа" ХХК-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх, "Чингис хаан" олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлж, ажлаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх талаар судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн даргад  даалгав.

Олон улсын нислэгийг өнгөрсөн хоёрдугаар сард зогсоосноор "МИАТ" компанийн 1370 нислэг цуцлагдсан бөгөөд 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 75 удаа тусгай үүргийн нислэг хийгээд байна. Оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ.

Хэдийгээр бусдад төлөх төлбөрөө эцсийн шат хүртэл нь хойшлуулж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа танаж, хүний нөөц, цалингийн зохицуулалт хийж байгаа ч байдал хэвээр үргэлжилбэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсээд байна.